Италийн хойг хэсэг дэх Мажоре голын орчим кабелын машин унаснаар 14 хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

Тухайн бүсийн түргэн тусламжийн төвийн мэдээлж байгаагаар Пьемонтын бүс нутагт Стреза резорт хотхоноос Моттароне уулын орой уруу зорчигч тээврийн үйлчилгээ явуулж байхад осол гарсан байна. 

Reuters

Осол бүтэн сайн өдрийн үд дунд болсон бөгөөд уулын аврах баг болоод нисдэг тэрэгтэй агаарын түргэн тусламжийн алба осол газарт тусламж үйлчилгээ үзүүлжээ.

Албаныхны мэдэгдсэнээр ослын газраас 5 болон 9 настай хоёр хүүхдийг даруй Турины эмнэлэг рүү хүргэсэн гэнэ.

Мэдээ анх олон нийтэд хүрэх үед нийт амь насаа алдсан хүмүүсийн тоо 8 байсан бол ослын улмаас амиа алдагсдын тоо нэмэгдэж, 12 болсон бөгөөд цаашид ч өсөж магадгүй ажээ. Тэгвэл өнөө өглөөний байдлаар нийт 14 хүн амиа алджээ.

Түргэн тусламжийн багийнхны цахим орчинд байршуулсан зураг дээр эвдэрхий кабелын машин модлог хэсэгт унаастай байхыг харуулсан байна.

Үндэсний уулын аврах багийн хэвлэлийн төлөөлөгч Валтер Милан телевизийн ярилцлагадаа “Энэ бол маш ноцтой осол. Их өндрөөс унасан учраас тухайн тээврийн хэрэгсэл тэр чигтээ сүйдсэн” хэмээжээ. 

Стреза-Альп-Моттароне шугамын кабелын машин ердийн үед далайн төвшнөөс дээш 1491 метрийн өндөрт хүн тээврийн үйлчилгээ явуулахад 20 минут зарцуулдаг байна.

Одоогоор ослын шалтгаан тодорхойгүй хэвээр байгаа ч бүсийн мэдээний албаны мэдээнээс авч үзэхэд кабелын шугам уулын орой дээрх зогсоолоос 300 метрийн зайд гэмтсэн байж болзошгүй хэмээжээ. 

Тус кабелын шугаман хүн тээврийн үйлчилгээ 1970 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа ба 2014-2016 оны хооронд засвар үйлчилгээний шугамаар хаалттай байсан байна. 

Хэргийн газарт цагдаа, онцгой байдлын албаныхан ажиллаж байна.


Эх сурвалж: BBC News