УОК: Иргэддээ анхаарал, сонор сэрэмжээ дээшлүүлж, эрсдэлгүй газар зорчихыг сануулж байна

Д.ЭРДЭНЭТУЯА
08 сарын 06, 2023

Улсын онцгой комисс (УОК)-оос өнөөдөр (2023.08.06) цаг үеийн асуудлаар хэвлэлийн хурал хийлээ.

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан "Үерийн улмаас харамсалтайгаар амиа алдсан арван сартай нярай, 14 настай хүүхэд, хоёр том хүн нийт дөрвөн хүний ар гэрт эмгэнэл илэрхийлье. Байгалийн гамшиг, аюулд амиа алдсан иргэдийн ар гэрийнхний эмчилгээ оношилгоо болон бусад асуудалд УОК болон нийслэл, дүүргийн Засаг даргын зүгээс анхаарч ажиллана.

Мөн цаашид хөдөө орон нутагт аадар борооноос үүдсэн эрсдэл нэмэгдэх магадлал өндөр байна. Өчигдөр гэхэд Увс аймгийн Тариалан суманд гэрийнхээ гадаа байсан гурван хүүхэд аянгад цохиулж, хоёр нь амиа алдсан харамсалтай явдал болсон. Ерөнхийдөө энэ сард түр зуурын дуу цахилгаантай, хүчтэй аадар бороо үргэлжлэн орох талаар ЦУОШГ-аас мэдээлсэн. Иймд иргэд анхаарал, сонор сэрэмжээ дээшлүүлж, эрсдэлгүй газар зорчихыг хүсэж байна. Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор Зэвсэгт хүчний 150 алба хаагч үерийн голомтод ажиллаж буй. Мөн хэрэгтэй техник хэрэгслийг хангах ажлыг шуурхай зохион байгуулан ажиллаж байна" гэлээ. 

Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хорооны нутаг дэвсгэр Жамсран уулын баруун талын аманд буусан уруйн үерийн хор уршгийг арилгах, авто зам, гарцыг чөлөөлөх, үерийн усанд урссан автомашиныг татан гаргах ажиллагаанд онцгой байдал, цагдаа болон нийслэл, дүүргийн Гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангийн нийт 1019 алба хаагч, 51 техник хэрэгсэлтэйгээр, Зэвсэгт хүчний анги, байгууллагаас 250 алба хаагчийг үерийн хор уршгийг арилгах, сэргээн босгох ажиллагаанд татан оролцуулж буй юм байна. 

Дарь-Эх, Монель орчимд үерийн нөхцөл байдал үүссэнтэй холбоотойгоор "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-иас 70 ажилтан, 20 орчим машин техниктэйгээр үүрэг гүйцэтгэж байгаа аж. Энэ хүрээнд тухайн үер буусан байршлуудад нийт 6870 орчим хэрэглэгчийн цахилгааныг хязгаарласан. Үүнээс одоогоор 3180 гаруй хэрэглэгчийн цахилгааныг эргүүлэн өгөөд буй аж. Мөн 57 дэд өртөөний 3680 хэрэглэгчийн цахилгаан, эрчим хүчийг хязгаарласан хэвээр бу юм байна.

"Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан байцаагч-инженер Г.Ганболд хэлэхдээ "Хүчдэл унасны улмаас хүний амь эрсэдсэн мэдээллийн талаар тодруулахад "Цахимаар яваад буй мэдээллийн дагуу манай шуурхай бригад очиж, газар дээр нь үзлэг шалгалт хийхэд тухайн хаяг орчимд байгаа цахилгаан дамжуулах агаарын шугам болон гэрэлтүүлгийн шугам унаж, хүмүүс хүчдэлд нэрвэгдсэн нөхцөл байдал байхгүй байсан. Бид тухайн орчмын эвдрэл, гэмтлийг шалгасны үндсэн дээр хуулийн байгууллагад хандсан. Хуулийн байгууллага шалтгаан нөхцөлийг нь тогтоож буй" гэлээ.  Өөрөөр хэлбэл, шугам унаагүй, харин иргэд цахилгааны утас зөвшөөрөлгүйгээр буруу татсанаас хүний амь эрсэдсэн мэдээлэл байна.

"Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК цахилгааны байгууламж, тоног төхөөрөмж, цахилгаан дамжуулах агаарын шугамын бүрэн бүтэн  байдалд үзлэг шалгалтыг хийж буй. Үзлэг шалгалтаар нэг тулгуурын тулаас бэхэлгээ унасан байсныг шуурхай завсарласан бөгөөд одоогоор өөр эвдрэл, гэмтэл гараагүй аж.

Дашрамд дурдахад, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Хүлээн авах яаралтай тусламжийн тасагт энэ сарын 5-ны өдрийн 08:30 цагаас 06-ны өдрийн 08:00 цаг хүртэлх хугацаанд нийт 535 хүнд тусламж үйлчилгээ үзүүлсэн байна. Үүнээс үерийн гамшигт өртөж, осол гэмтлийн тусламж үйлчилгээ авсан нийт 10 хүн байгаа бөгөөд өдгөө ГССҮТ-ийн тасагт 3, салбар эмнэлэгт 2 иргэн хэвтэн эмчлүүлж буй бөгөөд биеийн байдал нь тогтвортой байгаа ажээ. 

Холбоотой сэдвүүд

үер уруйн үер

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.