Хариуцлага нэхсэн үерийн гамшигт өдрүүд

Д.ЭРДЭНЭТУЯА
08 сарын 07, 2023

Дэлхийн дулааралтай холбоотойгоор үер, усны гамшгийн тоо жил ирэх бүр нэмэгдсээр байна. Монгол оронд жилд ордог хур тунадасны дундаж хэмжээ багасаж, зуны улиралд аагим халуун өдрүүдийн тоо ихэссэн. Хур тунадасны хэмжээ багассан хэдий ч гэнэтийн усархаг, аадар бороо орох тохиолдол нэмэгдэж буйгаас зуны улиралд үер усны аюул их тохиолдох болжээ.

Хоёр жилийн өмнө нийслэлийн хэмжээнд 2538 өрх үерийн аюултай бүсэд оршдог судалгаа гарч байв. Эдгээр өрхүүдийн 235 огт зөвшөөрөлгүй оршин суудгаас гадна дийлэнх нь Сэлбэ, Улиастай голын эрэг орчим, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн нутагт байдаг. Дээрх байршлууд нь намгархаг тул усархаг бороо ороход нэлэнхүйдээ усанд автаж, айл, өрхүүд үерийн аюулд ордог гашуун түүх энэ жил ч давтагдав. 

Улсын онцгой комисс, Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн онцгой комиссоос үерийн эрсдэлтэй бүсэд оршин сууж буй айл өрхүүдэд анхааруулга шаардлагыг холбогдох байгууллагуудтай хамтран байнга хүргүүлсээр иржээ. 

Харамсалтай нь, өгч буй анхааруулга, шаардлагыг нь хүлээн авч, эрсдэлтэй бүсээс нүүж буй айл өрх ховор байсан нь өнөөдрийн гамшигт өртөх, эрдэнэт хүний амь нас эрсдэх, орох оронгүй болох гол шалтгаан болов. Хатуухан хэлэхэд, иргэд хариуцлагагүй, хэнэггүй байсныхаа “гор”-ыг амсаж байна. 

Иргэд үер болохоор нүүмээр байна гэдэг хэрнээ үер дуусахаар нүүхгүй гээд суучихдаг. Мөн нүүлгэн шилжүүлээд өөр газар руу аваачъя гэхээр улсаас их хэмжээний мөнгө нэхдэг байдал ужгирсан гэхэд болно. Үнэндээ уулын ус буудаг жалгыг хааж, жаахан нүх үлдээж таглаад, бетон цутгачихсан. Үр дүнд нь гольдролдоо багтаагүй, боогдсон их ус хальж, дөрвөн хүний амь насыг авч одсон нь харамсмаар юм. 

Нөгөө талаар, энэ чиглэлээр нийслэлийн удирдлагын авч хэрэгжүүлж буй бодлого, шийдвэр “бай”-гаа онохгүй байгаагийн илрэл энэ юм. Сар орчмын өмнө нийслэлд хүчтэй аадар аадар бороо орж, нийслэлийн удирдлагууд, албаныхны ажилд “маш муу” дүн тавьсан. Тэр үед иргэдийн эд хөрөнгө усанд үйж, их хэмжээний хохирол учирсан бөгөөд эрдэнэт хүний амь нас сүйдэж мэдэх мессэж өгснийг нийслэлийн удирдлагууд ухаарч амжсангүй нь тоогүй. 

Улаанбаатар хотын иргэд Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазараас хариуцлага нэхэж, огцруулах санал санаачлага гаргаж байна. Сарын өмнөх шиг түүний “хүрз шороо шидсэн” попрол хэнд ч хэрэг болсонгүй. 

Тэр эрдэнэт хүний амь нас хохирч, улсад их хэмжээний хохирол учирсаны хариуцлагыг үүрч, япончууд шиг огцорч буйгаа илэрхийлж, бөхийн ёслоод, нийслэлийн Засаг даргын үүрэгт ажлаа дараагийн мэргэжлийн, мэргэшсэн чадалтай нэгэнд шилжүүлэх нь зүйд нийцнэ гэж дүгнэх олон хүн байна. 

Учир нь, нэг сар гэдэг наанадаж үерийн эрсдэлтэй газруудад усны аюулаас хамгаалах далан, суваг, шуудуу, хашлага барих хангалттай хугацаа юм. 

СҮҮЛИЙН 20 ЖИЛД ЦАГ АГААРЫН ГАМШИГТ ҮЗЭГДЛИЙН ТОО ТӨРӨЛ ЗҮЙЛ БҮРЭЭР ХОЁР ДАХИН НЭМЭГДЖЭЭ

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор П.Гомболүүдэвийн мэдээлж байснаар, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэйгээр цаг агаарын гамшигт үзэгдлийн тоо сүүлийн 20 жилд өмнөх 10 жилтэй харьцуулахад бараг төрөл зүйл бүрээр хоёр дахин нэмэгджээ.

Гамшигт үзэгдлийн төрөл зүйлд аадар бороо, хүчтэй салхи, их цас, үер, мөндөр гэх мэтийг хамруулдаг байна. 

Уур амьсгалын өөрчлөлтийг агаарын температур, хур тунадас гэсэн хоёр үндсэн элементээр илэрхийлдэг. Манай орны хувьд 1940 оноос хойш 80 жилийн дундаж температур 2.2 градусаар нэмэгдсэн бол дэлхийн дундаж температур сүүлийн 100 жилд 0.86 градусаар дулаарчээ.

Хур тунадасны хэмжээ сүүлийн 80 жилд 7-10 хувиар буурсан нь жилийн нийлбэр хур тунадасны хэмжээ бөгөөд хур тунадас өвлийн улиралд 20 орчим хувиар өсөж, зундаа 10 орчим хувиар буурсан байна.

Монгол улсын хувьд урин дулаан цагтай холбогдон нийслэл хотод гарч ирдэг эрсдэлийн нэг бол үер юм. Зуны улиралд ордог түрхэн зуурын аадар борооны улмаас Улаанбаатар хотын гудамжнууд усанд автдаг нь ус зайлуулах шугам сүлжээ хангалтгүй, үерийн эрсдэл бодитоор оршин байгааг харуулж буй юм.

Нийслэл хотод өмнө нь тохиолдож байсан томоохон үерүүдээс дурдвал:

1. Улаанбаатарт болсон 1966 оны үерийн улмаас Үйлдвэр комбинат усанд автаж, цахилгаан станцууд зогсоход хүрч байжээ.

2. 1982 оны намар Улаанбаатар хотод болсон үер.

3. 2016 оны долдугаар сард орсон усархаг борооны улмаас Баянзүрх дүүргийн 1-8, 12-19 дүгээр хороод бүрэн усанд автаж байжээ.

Үерийн аюулыг усны хэмжээгээр, хамарсан газар нутгаар, амь насаа алдсан хүний тоогоор, эсвэл эвдэрч сүйдсэн хөрөнгийн өртгөөр нь хэмжиж болно. Эдгээр үзүүлэлтийг эс тооцон, хамгийн аюултай үер бол өөрт тань болон ойр дотны хүмүүст тань тохиолдож нөлөөлж байгаа үер юм. Үерт өртөн, хайртай дотны хүнээ, гэр орон, өмч хөрөнгөө алдаж байгаа бол ямар хэмжээтэйгээс үл хамааран тэр үер хамгийн том хохирол учруулж буй гэсэн үг. 

Манай орны хувьд зарим оронтой харьцуулахад хэдэн зуу мянган хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хохироосон том үер тохиолдох магадлал бага ч 1966 оныхтой ижил үер дахин давтагдахгүй гэх баталгаа байхгүй, үерт өртөх эрсдэл байсаар байна.

Иймд эрсдэлээс хамгаалахын тулд үерийн аюултай бүс нутгаас нүүх, зориулалтын далан, суваг, шуудуу, хашлага барих, бага насны хүүхдүүдэд үерийн аюулыг ойлгуулах, үерлэсэн гол цөөрөмд орохгүй байх, эд хөрөнгө эрүүл мэндээ даатгуулах зэргээр учирч болзошгүй эрсдэлээс зайлсхийх шаардлагатай юм.

Холбоотой сэдвүүд

уруйн үер үер

Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.