Санхүүгийн зохицуулах хороо “Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн чадавхыг бэхжүүлэх II үе шатны төсөл”-ийг Японы Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-тай хамтран хэрэгжүүлэхээр тохиролцож, өнгөрөгч 2018 оны 10 дугаар сард протоколд гарын үсэг зурсан. Төсөл энэ сараас эхэлж буйтай холбогдуулан ЖАЙКА байгууллагын Төрийн бодлого санхүүгийн салбарын хэлтсийн орлогч дарга Огата Эрина тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад ажиллаж байна.

Үнэт цаасны тухай Монгол Улсын хуулиар санхүүгийн зах зээл дээр зээлжих зэрэглэл тогтоох үйлчилгээний эрх зүйн орчныг 2013 онд бий болгосон хэдий ч хангалттай хэрэгжихгүй өдий хүрч буй юм. Иймд дээрх төслийн хүрээнд зэрэглэл тогтоох үйлчилгээг хөгжүүлэх судалгаа хийж, эрх зүйн орчныг олон улсын жишигт нийцүүлэн сайжруулах чиглэлээр ажиллах бөгөөд ЖАЙКА байгууллагын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд олон улсын зэрэглэл тогтоох “JCR Eurasia rating” байгууллагын дэд дарга, доктор Рафи Карагол орсон байна.

Төлөөлөгчидтэй Хорооны Үнэт цаасны газрын дарга Б.Лхагвасүрэн уулзаж, төслийн зорилт, үйл явц, хүрэх үр дүн болон зэрэглэл тогтоох үйлчилгээний зах зээлийн цар хүрээг тодорхойлох, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх шийдлийн талаар нарийвчлан ярилцлаа.