Улсын Онцгой комиссын шуурхай штаб өнөөдөр /2020.04.16/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Цагдаагийн Ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан:

Амны хаалт зүүгээгүй бол ямар арга хэмжээ авах вэ гэж иргэд асууж байна.  Гамшгаас хамгаалах тухай хуулид иргэний хүлээх үүрэг гэж тусгайлсан заасан заалт бий. Хуулийг зөрчсөн тохиолдолд тус хуульд иргэнийг 100 нэгж буюу 100 мянган төгрөгөөр торгох хуулийн зохицуулалттай. Торгуулийн арга хэмжээг цагдаагийн байгууллага, Мэргэжлийн хяналтын байгууллага хэрэгжүүлэх үүрэгтэй.

Тусгаарлалтын байрнаас гарч байга иргэдэд холбоотой журамд нарийвчлан өөрчлөлт хийж байна. Үүнд монгол гэр, орон сууцанд хэрхэн өөрийгөө тусгаарлах талаар тусгайлан нэмэлт мэдээлэл өгсөн.

Хэвлэл мэдээллээр гэрийн тусгаарлалтад байх ёстой 14 иргэн сураггүй алга болсон гэсэн мэдээлэл гарсан. Энэ бол ташаа мэдээлэл. Харин эдгээр иргэдийг хаягийг тодруулсан. Учир нь өгсөн хаягаасаа өөр газар өөрийгөө тусгаарласан байсан. Иймээс цаашид тухайн иргэнийг гаргахаас өмнө тухайн оршин суугаа газар дээр нь очиж танилцаж, тодруулна. 

Нийслэлд 1600 орчим олон нийтийн цагдааг ажиллуулахаар хотын захиргаа болон Нийслэлийн Онцгой комисс шийдвэрлэсэн. Олон нийтийн цагдаа нь Засгийн газар, УИХ-аас баталсан хууль тогтоомжийг сурталчлан таниулах, хотын соёлыг түгээж аюулгүй орчныг бүрдүүлэх зэрэг үндсэн үүрэгтэй. 

Хорио цээрийн дэглэмийг сахиулахад олон улсын туршлага буюу цахим үнэмлэхийн хэлбэрт шилжих талаар мөн судалж байна. Хэрэв үр дүнтэй байвал иргэд цахим картаар тодорхой маршрутаар ажилдаа явдаг журамд шилжих судалгаа хийж эхэлсэн.