"Ядуурлаас гаргах гол хөшүүрэг нь жижиг дунд үйлдвэрлэл мөн" гэсэн судалгааны тайлан байдаг. Үүнийг төрийн бодлого тодорхойлогч нар анхаарах цаг болсон" хэмээн УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ өөрийн цахим хуудаснаа байр сууриа илэрхийлжээ.

Тэрээр "2016 оны орон нутгийн сонгуульд "Нийтээрээ баяжигтун" гэдэг уриатай оръё гээд нөхдөө гайхшруулж, арай ч хатуудна аа хэмээн инээлдэн сууж байж билээ. Дараа нь ярилцаж байгаад "Хүний төлөө эдийн засаг, хөгжлийн төлөө ЗӨВ бодлого" гэж өөрчилсөн юм. Энэ нь бүхий л эдийн засгийн боломжоо хүндээ зориулъя. Бизнес, хөдөлмөр эрхлэлтийг дэмжье, ажилтай орлоготой болгоё гэсэн үг юм. 

Бид Оюутолгой, Тавантолгой гэх мэт том төслүүдээ олон жил ярилаа. Бөөн валют орж ирээд л бид сайхан амьдрах юм шиг л хүлээлээ. Одоо хүнээ бодмоор байна. Хийе бүтээе гэсэн иргэдээ, аж ахуйн нэгжүүдээ хувийн хэвшлээ дэмжмээр байна. Ядаж л ЖДҮ-ийг дэмжих сангийн хэдэн төгрөгөө өөрсдөө биш ард иргэдэд нь хүргэмээр байна. Миний бие ажлын байр бий болгох сонгуулийн мөрийн хөтөлбөр, ЖДҮ-ийг хоёр жил гаруй ярьсан. 

Үйлдвэрлэлээ дэмжих "Шинэ хөдөө" гэж хөтөлбөр хүртэл санаачилж үзлээ. Үнэндээ ЖДҮ-ийн асуудал дэлбэртэл ЖДҮ-ийг анхаарч дэмжсэн нь маш цөөн. Монгол банкин дээр жил бүр ЖДҮ-ийн судалгаа тайлан гардаг. Судалгаагаар "Ядуурлаас гаргах гол хөшүүрэг нь жижиг дунд үйлдвэрлэл мөн" гэсэн байгааг төрийн бодлоготонгууд минь анхаарах цаг аль хэдийн болжээ" хэмээжээ.