УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр (2023.06.12) хуралдаж, Монгол Улсын 2023 оны төсвийн тодотгол, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг тус тус хэлэлцжээ.

"ТӨСВИЙН ХУУЛИЙГ ЯАРАЛТАЙ ГОРИМООР ХЭЛЭЛЦЭХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭЖ ҮЗЛЭЭ"

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.ТОГТОХСҮРЭН:

-Засгийн газраас өнгөрсөн долоо хоногт төсвийн тодотголыг өргөн барьж, УИХ-аар анхны хэлэлцүүлгийг хийсэн. Төсвийн тодотголыг дагаж энэ оны төсвийн хүрээний мэдэгдэл, 7 хууль, 2 тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулж батална. 

Төсвийн хуулийг долдугаар сарын 1-нээс дагаж мөрдөх учраас яаралтай горимоор хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн анхны хэлэлцүүлгийг өнгөрсөн долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хийсэн. 

Тус хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд нэг хүйсийн доод хэмжээ 40-өөс доошгүй байх заалтыг дэмжсэн. МАН хүйсийн тэгш байдлыг дэмжих бодлого барьж ирсэн.  

Одоо мөрдөж буй Сонгуулийн тухай хуульд эмэгтэй квот 20 хувиас доошгүй байна гэж заасан. УИХ-аар хэлэлцэж байгаа хуулийн төсөлд эмэгтэйчүүдийн оролцоог 30 хувиас доошгүй байхаар тусгасан.

УИХ-д суудалтай эмэгтэй гишүүд 40 хувь болгох саналыг байнгын хорооны хуралдаанд гаргасан нь дэмжигдээгүй ч чуулганы хуралдаанаас дэмжсэн юм. Энэхүү асуудлыг бүлгийн түвшинд хэлэлцээд, эмэгтэй квот 30 хувиас доошгүй байхаар тогтлоо. Цаашид эмэгтэйчүүдийн квотыг шат дараатай нэмэгдүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Харин нам эвслийн нэрийн жагсаалтад орох 48 хүний хувьд 1:1 зарчмыг хэвээр хадгалахаар намын бүлэг санал нэгдлээ.