Эмэгтэйчүүдийн манлайллын сүлжээний гишүүд тэнцвэртэй төлөөллийг хангах жендэрийн квотыг хамгийн багадаа 40 хувиар батлахыг шаардаж байна. Тэд энэ хүрээнд 3000 захидал цуглуулан, УИХ-ын тойргийн гишүүддээ хүргүүлэхээ илэрхийллээ.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийн анхны хэлэлцүүлгийг өнгөрсөн долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хийсэн. Тус хэлэлцүүлгийн үеэр нэг хүйсийн доод хэмжээ 40-өөс доошгүй байх заалтыг гишүүд дэмжсэн. 

УИХ-д суудалтай эмэгтэй гишүүд жендэрийн квотыг 40 хувь болгох саналыг байнгын хорооны хуралдаанд гаргасан нь дэмжигдээгүй ч чуулганы нэгдсэн хуралдаанаас дэмжлэг авсан билээ. 

УИХ-аар хэлэлцэж байгаа Сонгуулийн тухай хуулийн төсөлд эмэгтэйчүүдийн оролцоог 30 хувиас доошгүй байхаар тусгаад буй юм. 

УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр (2023.06.12) энэхүү асуудлыг хэлэлцээд, эмэгтэй квот 30 хувиас доошгүй байхаар тогтсон бөгөөд цаашид эмэгтэйчүүдийн квотыг шат дараатай нэмэгдүүлэх нь зүйтэй гэж үзсэн талаар мэдээлсэн билээ.

Эмэгтэйчүүдийн манлайллын сүлжээний гишүүд жендэрийн квотын талаар өөр байр суурьтай байгаа бөгөөд шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо хамгийн багадаа 30 хувь байх ёстой гэж үзэж буй ажээ. 


"КВОТ ГЭДЭГ ЭРХ ЯМБА, ДАВУУ БАЙДАЛ БИШ"

Тэд хэлэхдээ “Аливаа улс орны шийдвэр гаргах түвшинд хүн амын төлөөлөл, хүйсийн тэнцвэртэй оролцоог хангаснаар төрийн бодлого шийдвэр нийт иргэдийн эрх, эрх ашгийг тусгаж, амьдралын чанарт эерэгээр нөлөөлөн, бодит үр нөлөө сайжирдаг нь олон судалгаагаар нотлогддог.

Өнөөдөр амалдаг, маргааш өөр үйлдэл хийдэг байдлыг 31 жилийн турш харж явлаа. Одоо боллоо. Тийм учраас тал талаасаа шаардаж, өөрчлөх цаг ирээд байна. 

Бид өөрсдийн болон үр хүүхдүүдийн ирээдүйн амьдралд зайлшгүй шаардлагатай шийдвэрүүдийг гаргах хэрэгтэй. Тэгэхгүй бол бид дахиад 31 жилийн амьдралын зовлон бэрхшээлээ яриад, дахиад 30 жил зовох юм уу? 

Бид яагаад өөрсдийн амьдралд хэрэгцээтэй шийдвэрийг гаргадаг талбарт эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн тэнцвэрт төлөөлөлтэй байж болдоггүй юм бэ. 

Бид шаардах ёстой. Энэ шаардлага маань зөвхөн бэлэнчлэх сэтгэлгээ биш, хэн нэгэн гараад ярина биз, хэн нэгэн гаргаад тавина биз гээд хоолныхоо ширээний ард суудаг цаг өөрчлөгдсөн. 

Бид бүгдээрээ өөр өөрсдийн салбарт, өөр өөрсдийн чаддагаар жижигхэн ч гэсэн үйлдлээр илэрхийлэх шаардлагатай байна. Энэ дээр бидний дуу хоолой, оролцоо маш чухал гэж хэвлэлийн бага хурал зарлаж байгаа юм.

Бас нэг хэлэхийг хүсч байгаа зүйл бол, энэ квот гэдэг эрх ямба, давуу байдал биш. Эмэгтэйчүүд бид 100 жилийн өмнө сонгох эрхээ олж авсан. Одоо сонгогдох эрхийнхээ төлөө тэмцээд 60 жил болж байна. 

Манай улс яагаад дэлхий улс орнууд шиг, эрэгтэй эмэгтэй улстөрчид тэнцүү парламенттай Швед, Норвеги шиг байж болохгүй гэж. 

Сонгууль болоход нөгөө л бузар муухай, авлига хээл хахуульд нэр холбогдсон эрчүүдийн нэрс сонгуулийн хуудсанд байж байдаг. Ядаж нэг нь нэр хүндтэй эмэгтэй хүн байх нь сонголтыг өргөжүүлнэ" гэв.

Улс орнуудын хууль тогтоох байгууллага дахь эмэгтэйчүүдийн эзлэх хувь таван оронд 50-аас дээш хувь, 28 оронд 40-өөс дээш хувь, 59 оронд 30-аас дээш хувь, 117 оронд 20-оос дээш хувьтай байна. 

Харин Монгол Улс 2021 оны зургадугаар сарын 1-ний байдлаар 17.3 хувиар 193 орноос 127 дугаарт, Азийн бүсийн 30 орноос 19 дүгээр байранд эрэмбэлэгджээ.