Б.Баясгалан
07 сарын 15, 2020
Баяр наадмын өдрүүдээр иргэд агаар салхинд гарах, голын эрэг дагуу амарч зугаалах тохиолдол нэмэгддэг. Тэгвэл иргэдийн аюулгүй байдлыг хангуулах, урьдчилан сэргийлэх, заавар зөвлөмжийг өгөх, нөхцөл байдлыг шалгаж, Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, НОБГ-ын дарга хурандаа Ж.Чүлтэмсүрэн тэргүүтэй, онцгой байдлын газрын аврах ангийн алба хаагчид өчигдөр Туул голын эрэг дагуу ажиллалаа.
Энэ жил нийслэлийн хэмжээнд 18 хүн усанд осолдож амь насаа алдсанаас зургаан хүүхэд санамсар болгоомжгүй байдлаас болж амиа алдсан тохиолдол гарчээ. Тиймээс албаныхан Туул голын эрэг дагуу амарч зугаалж байгаа иргэдэд анхааруулга, сэрэмжлүүлгийг биечлэн өгөв.
Энэ үеэр Ж.Батбаясгалан “Баяр наадмын өдрүүд гэлтгүй зуны цагт амралтын өдрүүдээр голын эрэг дагуу амарч зугаалах байдал нэмэгддэг. Энэ үеэр бага насны хүүхдэд тавих хараа хяналт суларч гол усанд эндэх тохиолдол буурахгүй байна. Тиймээс ард иргэддээ үер усны аюулаас урьдчилан сэргийлэх анхааруулга, сэрэмжлүүлгийг өгч ажиллах нь чухал байна. Мөн амарч зугаалахдаа хогоо ил задгай хаях тохиолдол олон байна. Тиймээс нийслэлчүүд та бүхэн эрсдэл дэргэд бий гэдгийг ухамсарлаж, хариуцлагтай, эерэг хандлагатай зөв сэтгэлтэй амарч зугаалахыг уриалж байна” гэв.
Зургаадугаар сарын 10-наас есдүгээр сарыг дуустал НОБГ-аас хөдөлгөөнд завьт эргүүлийг тогтмол ажиллуулж буй.
Нийслэлийн иргэд голын эрэг дагуу амарч зугаалахдаа зөв боловсон байж, архи согтууруулах ундаа хэрэглэхгүй байхыг онцгойлон анхаарууллаа.
Эх сурвалж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.