Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажлын талаар Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссоос өнөөдөр талаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссын дэд дарга, нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан "Үндэсний их баяр наадам, бөхийн барилдаан, сур, шагайн харвааг Төв аймгийн нутагт байрлах баяр наадмын төв талбайд зохион байгуулахаар сонгосон. Хурдан морины уралдаан уламжлалт ёсоор Хүй долоон худагт болно.

ДЭМБ, Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яам, Улсын онцгой комиссоос наадмаар олон хүн цуглуулахгүй байх чиглэл өгсөн. Иймд иргэдийг баяр наадмын болон хурдан морины талбайд цуглуулахгүй, наадмыг телевиз, олон нийтийн сүлжээгээр дамжуулж нийтэд хүргэхээр ажиллаж байна. 

2020 оны 7 дугаар сарын 11, 12-ны өдрүүдэд холбогдох байгууллагынхан баяр наадмын бүх төрөлд оролцож буй хүн, тамирчдад халдвар хамгааллын заавар, зөвлөмж мөрдүүлнэ. Энэ жилийн наадмаар цар тахлаас сэргийлэх хүрээнд нийтэд үйлчлэх үйлчилгээг иргэд, ААН-үүд зохион байгуулах боломжгүй. Наадмын талбай дээр ямар нэгэн үйлчилгээ, худалдаа зохион байгуулагдахгүй. 

Хамгаалалтын бүс рүү иргэдийг оруулахгүй тул наадмаар хурдан морь үзэхээр Хүй долоон худаг руу зорчихгүй байхыг иргэдэд анхааруулж байна. Зарим хүн үзэгчгүй наадам гэж ярьж байна. Харин ч олон үзэгчтэй болох ёстой. Дэлхийд ганцхан байдаг Монгол наадмаа телевизээр шууд үзэх, гэртээ байж өөрийн болон гэр бүлийнхнийхээ эрүүл мэндийг хамгаалах нь зүйтэй.

Мөн дэлхийд ганцхан байдаг Монгол наадмыг олон улсын хэмжээнд үзэх боломжийг хангах зорилготой ажиллаж байна" хэмээлээ.