Нийслэлийн удирдлагууд “Тяньжин Фүүдс” ХХК-д 50 га газар олгосон гэх асуудлаар өнөөдөр албан ёсны мэдээлэл хийв. Мэдээллийг нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Д.Баянбат, нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай нар хийлээ.

Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.БатбаясгаланСүүлийн үед цахим орчинд гадаадын компанид нийслэлийн зүгээс 50 га газрыг өгөхөөр шийдвэрлэсэн байна гэсэн ташаа мэдээлэл гарсантай холбогдуулан албан ёсны мэдээлэл өгөх нь зүйтэй гэж үзлээ. Ташаа мэдээлэл олон нийтэд тарж, бусдын болон төрийн ажилд саад болохгүйн тулд хэвлэл мэдээллээр дамжуулж, зөв мэдээлэл өгч байна. Анх БНХАУ, Монгол Улсын Засгийн газрын хооронд, Монгол, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд олон бүтээлч ажлуудыг хэрэгжүүлэхээр болсон. 

Тяньжин хотын захиргаатай хамтран ямар ажил хийж болох талаар судалгаа хийж, санал боловсруулан Засгийн газарт танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан. Энэ хүрээнд дотоодын хэрэгцээг хангах, хүнс хөдөө аж ахуйн чиглэлээр хамтран ажиллах үүргийг зарим яамны сайд болон нийслэлд үүрэг болгосон. 2018 оны арванхоёрдугаар сарын 6-нд Монгол Улсын Ерөнхий сайд Тяньжин хоттой хамтын ажиллагаа хөгжүүлэх зорилго бүхий 10 бүтээлч, бодит ажлын санаачилгын хүрээнд тусгасан ажлуудын нэг нь Улаанбаатар хотод хүнсний ногоо тариалах хүлэмж байгуулж, нийслэлийн хүн амын хүнсний хэрэгцээг хангах боломжийг судалж, Засгийн газарт танилцуулах үүргийг өгсөн. 

Түүнээс биш ямар нэг байгууллага, аж ахуйн нэгжид 50 га газар өгөх үүрэг өгөгдөөгүй, газар олгох шийдвэр огт гараагүй гэдгийг та бүхнээр дамжуулж албан ёсоор хариуцлагатайгаар мэдэгдье” гэдгийг мэдээллийн эхэнд онцолсон юм.

Мөн “ЗГХЭГ-ын даргаар ахлуулсан ажлын хэсэг дотоодынхоо хүнсний ногооны хэрэгцээг хангах үүрэг өгсөн. Үүнтэй холбоотойгоор хэд хэдэн удаа ажлын хэсэг хуралдсан. Манай улсын хувьд цаг агаарын нөхцөл байдалтай холбоотойгоор жилийн дөрвөн улиралд хүнсний ногоогоор хангах боломж хүнд. Энэ оны нэгдүгээр сарын байдлаар нийслэлийн хэмжээнд 1.424 га газраас 15.341 тонн ургац авахаар ажиллаж байна. Хаврын тариалалтаар 166.9 га-д төмс, хүнсний ногоо 243.5 га-д тариалсан. Хүлэмжийн ногоо 36.6 га, тэжээлийн ургамал 342.1 га газарт тариалалт хийгдэж байна. 

Нийслэлийн 1.4 сая хүн амд өнөөдрийн ургац, тариалалтыг нийслэл орчимд тариалаад хангах ямар ч боломж байхгүй. Тиймээс дотоодынхоо хэрэгцээг хангах асуудал жил бүр хүндрэл учирч байгаа тул хүнсний ногоо, өргөн хэрэглээний барааг дотооддоо хангах үүргийн дагуу бид байнгын судалгааг хийсээр байна" хэмээлээ.



Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс