1948 оны 12 дугаар сарын 10-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблиар "Хүний эрхийн түгээмэл тунхаглал"-ыг баталжээ. Үүнээс хойш жил бүрийн тус өдрийг "Хүний эрхийн олон улсын өдөр" хэмээн дэлхий нийтээр тэмдэглэж буй. 

Тус өдрийг тохиолдуулан Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисс /ХЭҮК/-ын дарга Ж.Бямбадорж мэдээлэл хийлээ.

Тэрээр мэдээллийнхээ үеэр "Хүний эрхийн түгээмэл тунхаглалд хүний эрхийг жам ёсных хэмээн хүлээн зөвшөөрч, өнгө, арьс, хүйс, шашин шүтлэг, улстөрийн болон бусад үзэл бодол, үндэсний буюу нийгмийн гарал, эд хөрөнгө, язгуур угсаа зэрэг бусад байдлыг ялгааг эс харгалзан хүн бүр ямар ч гадуурхалгүйгээр эрхээ эдлэх ёстойг зарлан тунхагласан. Энэ жил бид тус өдрийг "Эрхийн төлөө нэгдэцгээе" уриан дор тэмдэглэж буй. Буух газартай, айх аюул, гачигдах зовлонгүй амьдралыг бий болгохын тулд эрхээ мэддэг, бусдын эрхийг хүндэтгэдэг, үүрэг хүлээгчдээс хариуцлага шаарддаг идэвхтэй иргэн байхыг уриалж байна. Эрхийнхээ төлөө нэгдэцгээе" хэмээн мэндчилгээ дэвшүүлэв.

Мөн "Бид Ази тивдээ хүний эрхийн талаар харьцангуй гайгүй орны тоонд орно. Яагаад вэ гэхээр, хүний эрхийг хангах гурван баталгаа болох улс төр, хууль зүй, эдийн засгийн баталгаа Монгол Улсад харьцангуй бүрдсэн. ХЭҮК-т ирж буй гомдлын тоо жилээс жилд нэмэгдэж байна. Өдөрт 3-4 гомдол ирдэг. Ихэнх нь эрүү шүүлттэй холбоотойгоор цагдан хоригдож буй хүмүүсээс ирдэг. Мөн хөдөлмөрлөх эрх, ажлын байрны бэлгийн дарамттай гомдол олон ирж байна. Эрх нь зөрчигдөж байхад хүлцэнгүй ханддаг байсан нэг үеэ бодвол хүмүүс эрхээ илүү мэддэг болж, гомдол гаргаж байна" хэмээлээ.