УИХ-ын нэр бүхий гишүүд УИХ-д Ардын эрүүл мэндийг дэмжих лобби бүлэг байгуулжээ. Лобби бүлэгт Ж.Чинбүрэн, С.Амарсайхан, П.Анужин, Ё.Баатарбилэг, Э.Бат-Амгалан, Б.Бейсен, С.Ганбаатар, Х.Ганхуяг, Ж.Мөнхбат, Ц.Мөнх-Оргил, С.Одонтуяа, М.Оюунчимэг, Б.Саранчимэг, Ц.Туваан, Н.Учрал, Ц.Цэрэнпунцаг, Л.Энх-Амгалан, Т.Энхтүвшин нарын гишүүд нэгдлээ.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:

Эрүүл мэндийн салбар 20-30 жил яригдсан асуудлыг цэгцэлсэн эрх зүйн орчныг шийдсэн шийдвэр гарсныг дуулгахад баяртай байна. Ганцхан жишээ гэхэд жирэмсэн ээжүүд тухайн дүүргийнхээ харьяалллын эмнэлэгт л үзүүлэх ёстой болдог. Өөр дүүрэгт үзүүлэх боломжгүй байдаг шүү дээ. Энэ мэт жирийн иргэдэд учирдаг энэ мэт хүндрэлүүд хууль батлагдсанаар шийдэгдэж байна. Өөрөөр хэлбэл та ЭМД төлсөн л бол Эрүүл мэндийн даатгалын сантай гэрээ хийсэн дурын эмч, эмнэлэгэ сонгож үйлчлүүлэх боломж бүрдсэн.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:

Энэ бол эрүүл мэндийн салбарыг шинэчлэх эхний алхам. Одоогийн байгаа тогтолцоогоор бид зарим өвчнийг улсын төсвөөс, заримыг нь даатгалын сангаас эмчилдэг. Үүнээс болоод тухайн өвчтөнд тооцоолсон төсөв хүрдэггүй. Энэ асуудлыг цэгцэлж Монгол Улсын төсвөөс гарч буй эрүүл мэндийн бүх зардлыг Эрүүл мэндийн даатгалын санд бүрэн шилжүүлсэн. Ингэснээр Эрүүл мэндийн даатгалын сан зөвхөн зарцуулалт төдийгүй эмчилгээ үр дүнтэй болж байгаа эсэхийг ямар эмч, эмнэлэгт асуудал гаргаж байгааг дүгнэх чанарын хяналтын тогтолцоог бий болгох юм.


УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн:

Өнөөдөр ардын эрүүл мэндийн лобби бүлэг байгууллаа. Энэхүү лобби бүлэгт эрүүл мэндийн асуудалд аль нэг нам хүчин улс төржихгүйгээр нэгдэж байна. Цаашид эрүүл мэндийн даатгалын тогтолцоо, санхүүжилтийн шинэчлэлээр идэвхтэй ажиллана.

Эрүүл мэндийн даатгалын тогтолцоо эрс шинэчлэгдэж байна. Ганцхан жишээ дурдахад өмнө нь эмнэлгийн яаралтай тусламжийг төр даадаг байсан. Хэрэв тэр санхүүжилт нь орж ирэхгүй бол тухайн эмнэлэг яаралтай тусламж үзүүлэхээс татгалздаг. Яагаад гэвэл мөнгө орж ирээгүй учраас зардлаа дийлдэггүй байсан хэрэг. Тэгвэл шинэ хуулийн өөрчлөлтөөр улсын болон хувийн ямар ч эмнэлэгт үйлчлүүлэх боломжтой болж байгаа юм.