УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, Г.Тэмүүлэн нар дөнгөж сая УИХ-ыг тараахыг дэмжиж гарын үсэг зурлаа.

Ардчилсан намын улс төрийн зөвлөл энэ сарын 5-нд хуралдаж, улс төр, нийгэм, эдийн засагт үүсээд буй гацааг гаргах цор ганц арга нь УИХ-ыг тарааж, ээлжит бус сонгууль явуулах хэмээн үзсэн. Тиймээс тус намынхан УИХ-ыг тараахыг дэмжиж буй УИХ-ын гишүүдийн гарын үсгийг цуглуулж эхлээд буй юм.

Тус бланкад Ж.Эрдэнэбат, Г.Тэмүүлэн нар гарын үсэг зурлаа.

Энэ үеэрээ УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат "Өнөөдөр албан тушаалын төлөөх хүсэл сонирхлыг улам төрүүлэх хуулийг УИХ баталлаа. Тиймээс энэ УИХ цаашдаа үйл ажиллагаа явуулах чадамжгүй байна, тарах ёстой гэж үзэн УИХ-ыг тараах бланкад гарын үсэг зурлаа" хэмээв. Өмнө нь тус бланк дээр:

Ардчилсан намын гишүүд болох

  1. УИХ-ын гишүүн Д.Мурат
  2. УИХ-ын гишүүн З.Нарантуяа
  3. Б.Наранхүү
  4. Б.Пүрэвдорж
  5. Я.Санжмятав
  6. С.Эрдэнэ
  7. Д.Эрдэнэбат нар

Монгол Ардын намын гишүүд болох

  1. Ж.Бат-Эрдэнэ
  2. Х.Нямбаатар
  3. Ж.Мөнхбат
  4. Н.Номтойбаяр
  5. Д.Хаянхярваа нарын нийт 12 гишүүн гарын үсэг зураад байсан бол өнөөдөр 14 боллоо.