УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар гишүүдийн олонхын саналаар Жуужаагийн Эрдэнэбулганыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томиллоо.

Улмаар бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон Шарын Цогтоог Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөв.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр амжилттай ажилласан Шарын Цогтоод УИХ-ын дарга Г.Занданшатар талархал илэрхийлээд “Шинээр томилогдож буй Ж.Эрдэнэбулган гишүүнд гагцхүү Монгол Улсын Үндсэн хуулийг дээдэлж, хэнээс ч хараат бусаар, Үндсэн хуулийн манаанд зогсох үүргээ чин шударгаар биелүүлэхийг хүсье. Улсын дээд шүүх, ойрын хугацаанд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилуулах хоёр дахь саналаа хэлэлцүүлээрэй” гэлээ.

Ж.Эрдэнэбулган нь 1970 онд Дундговь аймгийн Мандалговь хотод төрсөн. 51 настай. 1994 онд МУИС-ийг эрхзүйч мэргэжлээр төгссөн. 1995 онд магистр хамгаалсан. Хуульч мэргэжилтэй, Хууль зүйн ухааны доктор, хууль зүйн сургуулийн профессор цолтой.

Ажилласан байдал:

- 1995 оноос эхлэн МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Эрүүгийн эрх зүйн тэнхимд багш, ахлах багш, дэд профессор, сургалтын албаны эрхлэгч, 

- МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал, 

- МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Эрдмийн зөвлөлийн дарга,

- Хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн нарийн бичгийн даргаар тасралтгүй 26 дахь жилдээ ажиллаж байна.

- 2012 оноос МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн гишүүн,

- МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Ёсзүйн зөвлөх, 

- Монголын Хуульчдын холбооны удаирдах зөвлөлийн гишүүн

- Хуульчийн мэргэжлийн шалгалт хариуцсан хорооны дарга, гишүүн

- Нотариатчийн мэргэжлийн хорооны гишүүн

- МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн сонгуульт ажлыг эрхэлж ирсэн байна.