УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар "Дарга нар мөнгө угаах, татвартай холбоотой асуудлуудаар хальж яриад байна. Би нэг зүйлийг сануулъя. Саарал жагсаалттай холбоотой засах дөрөвхөн асуудал байгаа. Тэдгээрийг биелүүлсэн тохиолдолд Саарал жагсаалтаас гарна. 

1. Хариуцлага- Төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүс авлига авсан. Энэ нь мөнгө угаасан байх магадлалтай. Асуудал нь шүүхээр шийдэгдэхгүй байна. Шүүхээр шийдээч гэсэн анхааруулга өгсөн. Түүнээс биш ААН-үүдийн татварын асуудал гэсэн нэг ч үг, өгүүлбэр байхгүй. Би Эдийн засгийн байнгын хорооны даргын хувьд хэлж байна. 

2. Мөнгөтэй холбоотойгоор хилээр оруулж ирж буй болон нууж оруулж ирсэн мөнгөнд тавьж буй хариуцлагаа сайжруул.

3. Солонгос хүмүүсийн асуудал

4. Санхүүгийн зохицуулах хорооны эрх мэдэл гэсэн ийм л дөрвөн зүйл байгаа.

Эдгээрийг засахын тулд энэ хууль гарах ёстой. Өөр юу яриад байгаа юм бэ. Би ойлгохгүй байна. Шал өөр юм тайлбарлаад, аж ахуйн нэгжүүдээ дайсан мэт яриад байх юм. Терроризм, авлигатай тэмцэхэд нэг номерын дайсан чинь аж ахуйн нэгж болчихсон юм уу. Тэр авлига, албан тушаал оффшортойгоо тэмцээч. Түүний төлөө энэ хууль гарах ёстой. Хэдэн ажлын байр гаргаад ажиллаж буй иргэдтэй тэмцэх гэж байхаар дарга нартай тэмцээч. Дээрх 4 заалтаас хальж битгий ярь.