Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан НЗДТГ-аас зохион байгуулсан  “Их хотын бүсгүйчүүд-2022” хүндэтгэлийн ёслолын үеэр жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч эмэгтэйчүүдийн бүтээлээр үзэсгэлэн худалдаа гарч, бүтээгдэхүүнээ хямдралтай борлуулсан юм. Үзэсгэлэн худалдаанд Монголын уламжлалт гар урлалаас эхлээд дэлхийд гайхуулахуйц монгол брэндийн бүтээгдэхүүнийг  дэлгэжээ. Үзэсгэлэнг зохион байгуулагчид болон жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн сэтгэгдлийг сонслоо.

Г.Гангамөрөн: Үзэсгэлэн худалдаанд 32 жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч эмэгтэйчүүд оролцлоо

Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-ын дарга Г.Гангамөрөн:

-НЗДТГ болон Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ хамтран нийслэлийн есөн дүүргийн жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч бүсгүйчүүдийн бүтээлээр үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байна. “Их хотын бүсгүйчүүд-2022” хүндэтгэлийн ёслол болон үзэсгэлэн худалдаа сүүлийн хоёр жилд түр завсарлаад байсан бол энэ жил өргөн хүрээнд тэмдэглэж байгаа нь сайшаалтай. Үзэсгэлэн худалдаанд нийт 32 жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч, бизнес эрхлэгч эмэгтэйчүүд оролцлоо. Эмэгтэйчүүд маань бүтээгдэхүүнээ худалдан борлуулахын зэрэгцээ монгол бичгийн уран бичлэг, хөрөг зураг зурах зэрэг үйлчилгээ үзүүлсэн. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд оролцож байгаа гэсэн юм.

Ц.Амаржаргал: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажиллуулна

“Зоосон хээт” ХХК-ийн захирал Ц.Амаржаргал:

-Бүх эмэгтэйчүүддээ Мартын 8-ны мэнд хүргэе. “Их хотын бүсгүйчүүд” үзэсгэлэнд оролцож байгаадаа баяртай байна. Олон мянган бизнес эрхлэгч эмэгтэйчүүдээс сонгож оролцуулсан зохион байгуулагчдад талархал илэрхийлье. Урьд нь хувиараа бизнес эрхлээд, “Амур” салондоо захиалгын дагуу үйлдвэрлэл явуулдаг байлаа. Баянзүрх дүүргийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний газарт  бүртгүүлээд, олон үзэсгэлэн болоод бусад үйл ажиллагаанд оролцох болсон. Ингэснээр борлуулалт болон бизнесийн хүрээ тэлж байгаа. Цаашид жижиг, дунд бизнес эрхлэгчид маань хамтран ажиллах, кластер байдлаар хөгжүүлж чадвал бизнес аяндаа өргөжнө гэдгийг өнгөрсөн хугацаанд харсан. Манай компани үндэсний хувцас урлалаас гадна эсгий урлал, арьсан гутал үйлдвэрлэж байгаа. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгэмлэгтэй хамтран ажиллахаар саяхнаас ярилцсан. Хөгжлийн бэрхшээлтэй ч ажил хөдөлмөр хийх хүсэлтэй иргэдийг нийгмийн хариуцлагын хүрээнд ажиллуулна гэж бодож байна. Одоогийн байдлаар үндсэн 5-6 хүн цех дээр ажилладаг ч 8-9 хүнтэй гэрээ хийж, гэрээр нь бүтээгдэхүүн үйлдвэрлэх захиалга өгч ажиллуулдаг.

“10 гаруй тос, тосон түрхлэгийг гар аргаар үйлдвэрлэж байна”

“Оточ домч” компанийн захирал Ц.Отгонбаяр:

-Нийслэлийн болон дүүргүүдийн жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр үзэсгэлэн худалдаанд уригдан оролцож байгаадаа баяртай байна. Манай компани уламжлалт анагаах ухаанд суурилсан бүтээгдэхүүнээр үзэсгэлэнд оролцлоо. Хаврын улиралд үе мөчний өвчлөл сэдэрдэг. Тиймээс тэмээний чөмөг,  талын хар болон 50 гаруй төрлийн эмийн ургамлын хольцтой 10 гаруй нэр төрлийн тос, тосон түрхлэгийг бид гар аргаар үйлдвэрлэж байна. Хамгийн их борлуулалттай гол бүтээгдэхүүн бол тэмээний чөмөг,  талын хартай тос юм. Тэмээний чөмөг Монголд элбэг, түүхий эдийн арвин нөөцтэйгөөрөө онцлог. Тэмээний чөмгийг үе мөчний өвчлөл, бэртэл гэмтэл, хаван, хавдар, харшил, ясны сийрэгжилт болон хэвтрийн хүмүүс арьс цоорохоос сэргийлэх зэргээр өргөн хэрэглэдэг. Эрт үед хацар гоо хатдын арьс арчилгаанд ч мөн хэрэглэж ирсэн юм билээ. Түүнчлэн жирэмсэн эхчүүд түрхэхэд арьсны язралтаас сэргийлдэг.

Б.Дуламсүрэн: Япон улс руу бүтээгдэхүүнээ гаргаж эхэлсэн