Лигийн хамгийн залуу бүрэлдэхүүнтэй багуудын тоглолт өнөөдрийн хамгийн сонирхолтой анхаарлын төвд байсан тулаан юм. Стэплс Центрт болсон тоглолт үзэгчдийн хүлээлтэнд хүрч, эхнээсээ онц сонирхолтой үргэлжилж байлаа.

Оны шилдэг шинэ тоглогчийн шагналд хүчтэй өрсөлдөж байгаа Лонзо Болл болон Бэн Симмонс нарын тоглолт анхаарлын төвд байсан. Гэв ч Лонзо Болл хангалтгүй тоглолт үзүүлэн дөрөвдүгээр үед талбай дээр гараагүй. Харин өнгөрсөн улирлын тэргүүн сонголт Симмонс тоглолтын эхнээс сайн тоглож 18 оноо 9 самбар 10 дамжуулалт 5 бөмбөг таслалт гэсэн сайн статистик үзүүлэлттэй тоглолтоо өндөрлүүллээ.

Лэйкерсээс сэлгээнээс оноо авалтаар багаа тэргүүлж байгаа Жордан Кларксон өнөөдрийн тоглолтонд 20 оноо авч багтаа хувь нэмэр оруулсан. Харин гараанд гарч тоглосон Брэндон Инграм 26 оноо авч багаа оноо авалтаар тэргүүлсэн ч баг нь Эмбийдийг тоглолтын эхнээс хамгаалж чадалгүй улирлын 9 дахь хожигдлоо амсав.

Жоэл Эмбийд өнөөдрийн гол баатар нь байж өөрийн замналын хамгийн шилдэг тоглолтоо Стэплс Центрт толилуулж, 46 оноо 15 самбар 7 дамжуулалт 7 хаалт гэсэн зогсоогдошгүй тоглолтоороо багаа хожилд хөтөллөө. Ингэснээр Филли улирлын 8 дахь хожлоо байгуулан Дорнод бүсийн долдугаар байранд бичигдэж эхлэв.

Өрнөд болон Дорнод бүсийн хамгийн залуу ирээдүйтэй багуудын дараагийн тоглолт 12 дугаар сарын 9-нд Уэллс Фарго Центрт болох юм.

Эх сурвалж: SPS