Сүүлийн жилүүдэд нойрны эмгэг үүсэх шалтгаан улам бүр олширч, нойргүйдэх шинж тэмдэг ихээр илэрч байна. Гэвч манай улс нойрны эмгэгийг оношилж, судлах ажлыг хараахан эхлүүлээгүй. Хөгжилтэй орнуудын судалгаанаас харахад ихэнх улсын нийт хүн амын 5-10 хувийг архаг нойргүйдэлтэй хүмүүс эзэлдэг байна. Энэ талаар  “Монголын мэдрэл судлалын нийгэмлэг”-ийн тэргүүн, Анагаах ухааны доктор Ж.Сарангэрэлээс тодрууллаа.

-Сүүлийн жилүүдэд хүмүүс нойргүйдэх нь улам бүр ихсэж байна. Гол шалтгаан нь юу вэ?

-Иргэдийн амьдралын хэв маяг алдагдсантай шууд холбоотой. Тогтмол цагт унтаж амрахгүй байх, цахим хэрэгсэл хэт их хэрэглэх зэрэг нь нойргүйдэлд орох гол шалтгаан болдог. Цахим хэрэгсэл нь цахилгаан соронзон долгион болон гэрэл их хэмжээгээр ялгаруулдаг. Энэ нь хүний бие доторх биологийн нойрны гормоны үйл ажиллагааг дарангуйлдаг. Тиймээс хүн унтаж чадахгүй, унтсан ч нойр нь чанар муутай болж нойргүйддэг.

-Нойрны эмгэг туссан эсэхээ мэдэхэд ямар шинж тэмдэг илэрдэг вэ?

-Нойрны эмгэгтэй болсон үед хамгийн түрүүнд мэдээж нойргүйтнэ. Хэт нойрсох, шүдээ хавирах, нойрон дундаа явах, ярих зэрэг маш олон төрлийн шинж тэмдгүүд илэрдэг. Хэрэв танд эдгээр шинж тэмдгээс илэрч байвал амьдралын хэв маягтаа анхаарах цаг болсныг илтгэж байгаа юм. Мөн нойргүйдэлд орсон хүн унтсан ч бүрэн амарч чаддаггүй. Тэгэхээр зөвхөн унтаж чадахгүй байхыг нойргүйдэл гэж ойлгож болохгүй. Унтсан хирнээ амарч чадахгүй бол тэр ч бас нойргүйдлын шинж тэмдэг юм.

-Нойрны эмгэг хүний биед ямар сөрөг нөлөөтэй вэ?

-Нойргүйдэл нь хүний сэтгэхүйд сөргөөр нөлөөлж, оюуны хөдөлмөр эрхлэх үйл ажиллагааг эрс бууруулдаг. Нөгөө талаар хүний дархлааг сулруулдаг. Дархлаа сулрах нь архаг үрэвсэл, ханиад томуу, ходоод гэдэсний үрэвсэл зэрэг олон өвчний эх үүсвэр болдог. Нойргүйдэл нь бусад төрлийн өвчин үүсэх шалтгаан болдгоос гадна бас зүрх судас, мэдрэл, тархины өвчин илэрч буйгийн шинж тэмдэг байх ч тохиолдол бий. Тиймээс шөнө унтаж чадахгүй, эсвэл хэт их унтсан хэрнээ амарч чадахгүй байвал эмчид үзүүлж байх хэрэгтэй. Шөнө унтаж байх хугацаанд хүний биеийн дархлаа сэргэж байдаг. Дархлааг сэргээдэг олон төрлийн эм, витамин бий. Гэхдээ үр дүнгүй байдаг. Хүний биеийн дархлааг сэргээдэг ганц гол зүйл бол нойр юм. 

-Тэгэхээр бид нойргүйдлээс хэрхэн сэргийлэх ёстой вэ? 

-Хүн бүр амьдралынхаа хугацаанд сэтгэл хөдлөл, ядрах зэргээс хамааран тодорхой хэмжээнд нойргүйдэлд ордог. Гэвч энэ нь удаан үргэлжилбэл бусад хүнд өвчин үүсэх эх үүсвэр болдог. Нойргүйдлээс гарах болон сэргийлэх хамгийн зөв алхам бол амьдралын хэмнэлээ сайжруулж, зөв дэглэм баримтлах юм. Тогтмол цагт унтаж хэвших, зөв хооллох, сэтгэл санааны тайван байдлыг хангах, нийгмийн амьдралд зөв зохистой оролцох зэргээр өөртөө анхаарал хандуулж чадвал бид нойрны эмгэг тусахаас сэргийлж чадна.

-Зарим хүн шөнө ажиллахад ажлын бүтээмж өндөр байдаг гэж ярьдаг. Энэ нойргүйдэлтэй холбоотой юу?

-Энэ нь нойргүйдэлтэй холбоотой. Шөнө дуу чимээгүй учир төвлөрөхөд саад болох зүйл байдаггүй. Шөнө ажилладаг хүмүүс өдөр ажиллахад ажлын бүтээмж нь эрс буурдаг. Тэгэхээр өдөр, шөнийн хэмнэл алдагддаг. Хүний бие организм нар сарны эргэлтэд шууд зохицож байдаг. Нар мандах үед босч, нар жаргахад унтаж амрах ёстой дааврын үйл ажиллагааны хэмнэлийг бид хиймлээр өөрчлөх нь амьдралын хэв маягийг алдагдуулж нойргүйдэлд орж буйн шинж юм.