Хакүхо М.Даваажаргал Монгол Улсын иргэншлээс татгалзлаа

Б.Баясгалан
04 сарын 17, 2019

Японы мэргэжлийн сумо бөхийн их аварга Хакүхо М.Даваажаргал Монгол Улсын иргэншлээс татгалзжээ.

Тэрээр Япон улсын иргэн болох хүсэлтээ Японы талд гаргаж, Монгол Улсын иргэншлээс татгалзах хүсэлт бүхий албан бичгээ өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт ирүүлсэн байна.

Хуулийн дагуу түүний уг хүсэлтийг хүлээн зөвшөөрөх эсэхийг Монгол Улсын Eрөнхийлөгч эцэслэн шийдвэрлэх юм.

Энэ талаар Кёкүшюзан Д.Батбаяр "Хакухо М.Даваажаргал аварга япон улсын иргэн болох хүсэлтээ албан ёсоор өгчээ.

Хакухо М.Даваажаргал аваргын тухайд хэдийгээр ийнхүү япон улсын иргэн болж байгаа нь харамсалтай хэдий ч Япон улсын мэргэжлийн сумо бөхийн холбооны хатуу дүрэм журмын дагуу тухайн улсын иргэншилтэй болох нь зайлшгүй зүйл юм. Сумо бөхийн дэвжээний багш болсон манай Цэвэгням, Дашням болон Хавайн арлын бөхчүүд энэхүү замналаар явсан байдаг юм. Түүний энэ шийдвэр түр зуурынх бөгөөд төрсөн бие, төрөлх хэл, дотоод сэтгэл гурав  нь Монголынх хэвээрээ үлдэж байгаа гэдгийг монголын ард түмэн маань уужуу сэтгэл, холч ухаанаар хүндэтгэн хүлээн аваарай" хэмээн өөрийн цахим хуудаснаа нийтлэжээ.

Хакухо М.Даваажаргал нь 40 гаруй удаа түрүүлж, 1000 давааны босгыг давж, ёкозүна цолтойгоор 800 даваа авч, 13 жил дараалан дор хаяж нэг башёд түрүүлсэн зэрэг мэргэжлийн сүмогийн шинэ 4 дээд амжилтын эзэн болсон болоод буй юм.

Холбоотой сэдвүүд

иргэншил м.даваажаргал сумо

Сэтгэгдэл бичих (16)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.