Монгол Улсын гавьяат эмч, хамба лам Д.Нацагдоржийн амьдрал, Монголын уламжлалт анагаах ухааны өв уламжлал, хөгжлийг харуулсан Их Британийн найруулагч Бенжамин Жонсын бүтээл “The Medicine Buddha” баримтат киноны нээлт болжээ. 

Их Британи дахь нээлтийг өнгөрсөн сарын 31-ний өдөр Лондон хотын “Regent” кино театрт зохион байгуулсан байна.

Хамба лам Д.Нацагдорж киноны нээлтэд Монголоос тусгайлан хүрэлцэн ирж оролцсон бөгөөд тэрээр киног сонирхон үзсэн 200 орчим зочидтой киноны төгсгөлд Монголын уламжлалт анагаах ухаан, түүний онцлогийн талаар чөлөөт яриа өрнүүлэв.

Кино найруулагч, продюсер Бенжамин Жонс 2003 онд Британийн кино, телевизийн урлагийн академийн “Шилдэг богино хэмжээний кино” шагналыг “Candy Bar Kid” киногоороо, 2008 онд “HD FEST” наадмын “Шилдэг инээдмийн богино хэмжээний кино” шагналыг “Traffic Warden” киногоороо тус тус хүртсэн байна.

Бенжамин Жонс киноны нээлтийн үеэр "Хамба ламын амьдрал болон бүтээл туурвил, Монголын ёс заншил, соёлын талаар энэ киногоороо харууллаа. Д.Нацагдорж гуайн ажлын онцлогийн талаар дэлгэрэнгүй харуулахыг зорьсон. Монгол оронд ирээд маш сайхан хүмүүстэй танилцаж, сайхан байгаль үзэж харлаа" хэмээн ярьсан байна.