Б.Баясгалан
12 сарын 25, 2019
"Гүүд Нэйборс" ОУТББ-ын Монгол дахь төлөөлөгчийн газраас санаачлан хэрэгжүүлсэн “Мөрөөдөл” төслийн хүрээнд нийслэлийн Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн Б корпуст өргөтгөл хийж, 30 ортой хүүхдийн тасгийг шинээр ашиглалтад орууллаа.
Тус нэгдсэн эмнэлгийн хоёр давхрыг өргөтгөн, 504 м2 талбай бүхий нэг давхар барилгыг нэмж барьсан бөгөөд эмч нарын болон эмчилгээ, суурь тусламжийн нийт 12 өрөөтэй аж.
Өргөтгөлийн барилгын зураг төсөл, гүйцэтгэлийн ажилд нийт 700 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн бөгөөд нийслэлийн хөрөнгө оруулалтаар хүүхдийн тусламж үйлчилгээнд нэн шаардлагатай 30 гаруй сая төгрөгийн тоног төхөөрөмж, ХУД-ийн ЗДТГ-аас хэвтэн эмчлүүлэх ор, шүүгээ бүхий 50 гаруй сая төгрөгийн тавилга, эд хогшлоор хангасан байна.
Хүүхдийн тасгийн нээлтэд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, “Гүүд Нэйборс” ОУТББ-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын захирал Жу Сүнхён, нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, тус дүүргийн нэгдсэн эмнэлгийн дарга Д.Бааст болон албаны бусад хүмүүс оролцов.
Тус нэгдсэн эмнэлэг хүүхдийн 80 ортой.
Томуу, томуу төст өвчин, амьсгалын замын цочмог халдварын тархалт нэмэгдэж буй энэ үед 30 ортой “Мөрөөдөл” тасаг ашиглалтад орсноор эмнэлгийн хүчин чадал 40 хувиар нэмэгдэж, харьяа дүүргийн 0-16 насны 60 мянга гаруй хүүхдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанар, хүртээмжтэй үзүүлэхэд чухал ач холбогдолтой ажил болж байна.
“Гүүд Нэйборс” ОУТББ нь Монгол Улсад 2006 онд албан ёсны төлөөлөгчийн газраа нээж, 2011 оноос нийслэлийн зургаан дүүрэг, Дархан-Уул аймагт хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөрт суурилсан орон нутгийн хөгжлийн хөтөлбөрөөр дамжуулан урт хугацааны төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн, нийт 9800 гаруй хүүхэд, тэдний гэр бүлд хүрч ажиллажээ.
Эх сурвалж: Нийслэлийн Эрүүл мэндийн газар
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.