Peak.mn
05 сарын 22, 2025
2024 оны хавар. Улаанбаатар хотын нэгэн Ерөнхий боловсролын сургуулийн дөрөвдүгээр ангийн сурагч Хүслэн (нэрийг өөрчлөв) “Слайм хийж сурцгаая” нэртэй фэйсбүүкийн нээлттэй группт орсон байлаа. Энэ бол хүүхдүүдийн дунд түгээмэл хоббитой холбоотой, эцэг эхчүүд ч тийм ч их болгоомжлоод байхааргүй бүлэг.
Хүслэн групп дотроо өөрийн хийсэн слаймны зургуудыг оруулж, үеийнхнээсээ лайк, сэтгэгдэл авах гэж хичээдэг байв. Гэвч түүний фэйсбүүк найзуудын дундаас “Чамтай адил охидын зургаар гоё групп байна, чамд ч бас оноо өгье” гэх тайлбартай танихгүй хүний явуулсан линк нэг л өдөр иржээ. Хүслэн линк рүү дараад TikTok шиг ажилладаг, "Өөрийгөө үнэлүүлж оноо авдаг" тоглоомын сайт руу орсон бөгөөд зураг, бичлэг оруулах хэсэгтэй байв. Хүүхдийн гэнэн зангаар "Өөрийгөө үнэлүүлнэ" хэмээн нүүрний зургаа оруулсан тэр мөчөөс эхлэн түүний цахим орчин дахь орон зай нь хяналтаас гарч эхэлсэн юм.
Дараагийн өдрөөс эхлэн Хүслэнд хэд хэдэн шинэ фэйсбүүк хаягаас найзын хүсэлт иржээ. Зарим нь охидын зураг, хүүхэлдэйн киноны профайлтай, зарим нь бүр Хүслэнтэй адил нэртэй, “бие биеэ таньдаг юм шиг” сэтгэгдэл бичиж, түүний итгэлийг олсон байна. Удалгүй түүний нэг “найз” түүн рүү чат бичиж “Чи яг л хүүхэлдэйн киноны гүнж шиг харагддаг. Зураг оруулахгүй юу, өөр зураг чинь гоё байсан шүү...” гэх мэтээр ханджээ.
Гурав дахь долоо хоногт “Гоё зураг илгээхгүй бол найзынхаа жагсаалтаас хасна”, “Чиний зургаас видео хийж TikTok-д тавина” гэх мэт дарамт, хар дарсан зүүд мэт сүрдүүлэг эхлэх нь тэр. Охин айсандаа дахиад зураг илгээж, үүгээрээ хэсэг хугацаанд дарамтлуулсаар явжээ.
Сэтгэл зүйч Ц.Ганчимэг “Энэ мэт тохиолдолд хүүхдүүд өөрсдөө буруутай гэж бодон айдаст автаж, гэр бүлдээ хэлдэггүй. Гэтэл энэ бол тодорхой төлөвлөгөөтэй цахим мөлжлөг бөгөөд насанд хүрсэн этгээд бага насны хүүхдийг хуурч, дарамтлан, бэлгийн шинжтэй зураг, мэдээллийг хүчээр гаргуулдаг гэмт хэрэг юм.” хэмээн тодорхойлж байна.
Хуулийн байгууллагын мэдээлснээр бол 2023 онд фэйсбүүк, TikTok дээр охидыг хуурамч нэрээр нөхөрсгөөр найзалж, дараа нь тэдний зургийг ашиглан дарамталсан 19 тохиолдлыг бүртгэн шалгажээ. Гэхдээ энэ бол зөвхөн ил болсон, мэдэгдсэн тоо. Хүүхдүүдийн 80% нь ийм зүйлийг хэлдэггүй байна.
Монгол Улсад хүүхдүүд цахим орчинд, ялангуяа фэйсбүүк, TikTok зэрэг нийгмийн сүлжээгээр дамжуулан бэлгийн шинжтэй мөлжлөгт өртөж буй бодит жишээ, тохиолдлуудыг мэдээлэх нь нэн чухал асуудал юм. Гэхдээ тодорхой тохиолдлуудыг олон нийтэд мэдээлэхдээ хохирогчдын хувийн нууц, аюулгүй байдлыг зөрчих эрсдэлийг тооцоолох нь мэдээжийн хэрэг.
Yolo.mn сайтын мэдээлснээр, 14 настай охин гэртээ ганцаараа байх үедээ фэйсбүүк, инстаграм зэрэг нийгмийн сүлжээгээр танихгүй хүнтэй танилцаж, түүний итгэлийг олсон этгээд охиныг бэлгийн шинжтэй зургаа илгээхийг шаардаж, дарамталсан тохиолдол бүртгэгджээ. Энэ бол цахим орчинд хүүхдүүд хэрхэн амархан уруу татагдаж, бэлгийн мөлжлөгт өртөж болох бодит байдал юм.
Манай улсад хүүхдийн тусламжийн утсанд 2022 онд цахим орчин дахь бэлгийн хүчирхийлэл, дарамттай холбоотой 250 гаруй дуудлага хүлээн авчээ. Цахим орчин дахь хүүхдийн эсрэг гэмт хэргийн ноцтой байдлыг дээр дүн илтгэж байна.
Мөн 18 хүртэлх насны хүүхдүүдийн 37% нь танихгүй хүнээс садар самуун агуулгатай эсвэл заналхийлсэн зурвас хүлээн авч байсан тухай 2023 онд Үндэсний суурь судалгаанд үндэслэн МонЦаМэ агентлаг олон улсад мэдээлж байлаа.
АНУ-ын Төрийн департаментын 2023 оны "Хүн худалдаалах гэмт хэргийн тайлан"-д дурдсанаар, Монгол Улсад 2023 онд 7 охин бэлгийн мөлжлөгийн хохирогчоор тодорхойлогдсон байна. 2021-2022 онд нэг жилд 38 охин ийм төрлийн гэмт хэргийн хохирогчоор бүртгэгдсэн нь хүүхдийн эсрэг гэмт хэргийн тоо буурахгүй байгааг харуулж байгаа юм.
DQ Institute-ийн 2022 оны тайланд Монгол Улс цахим орчин дахь хүүхдийн аюулгүй байдлын индексээр 100 орноос 80-р байранд жагссан байна. Энэ нь бид хүүхдийнхээ цахим орчин дахь аюулгүй байдлыг хангах чиглэлээр хийх ажил их байгааг харуулсан явдал.
UNICEF цахим бэлгийн мөлжлөг (online child sexual exploitation) нь хөгжиж буй орнуудад хэт өндөр хурдаар тархаж байгааг анхааруулсаар байна. Хүүхдүүдийн интернэт хэрэглээ нэмэгдэхийн хэрээр мөлжлөгийн шинэ аргачлалууд гарч, “найзын дүр эсгэсэн этгээдүүд” хамгийн түгээмэл хэлбэр болж байгааг дурдсан.
Ийнхүү Монгол Улсад болон дэлхий даяар хүүхдийн цахим орчин дахь бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлтэй холбоотой эрсдэл өндөр хэвээр байна. Хүүхдийн тусламжийн утсанд ирсэн дуудлагын тоо, кибер гэмт хэргийн өсөлт, хүүхдийн цахим орчин дахь дарамт, заналхийлэл зэрэг нь энэ асуудлын ноцтой байдлыг илтгэж буй.
ЦЕГ-ын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга С.Тайван “Бага насны хүүхдийг садар самуунд уруу татах гэмт хэрэг үйлдэх арга барил нарийсаж, эзэн холбогдогч тогтоогдоход хүндрэлтэй байгаагаас гадна хохирогчийг хамгаалах хууль эрх зүйн орчин хомс байна” гэж мэдэгдсэн нь цахим орчин дахь хүүхдийн эсрэг гэмт хэргийн эрсдэлийг илтгэж байна. Иймд эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчид, төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран ажиллаж, хүүхдийн цахим орчин дахь аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх шаардлагатай.
Юуны өмнө эцэг эхчүүд хүүхдийнхээ цахим хэрэглээг хянаж, тэдэнтэй нээлттэй ярилцсанаар танихгүй хүний найзын хүсэлтийг хүлээж авахгүй байхад сургах нь чухал байна. Энэ байдлыг заавал дагаж мөрдөх зан үйл болговол бүр ч сайн.
Үндсэн дүрмүүдийг хүүхдүүдтэйгээ хамтран тогтоохдоо:
“Ганцаараа зураг бүү тавь”
“Групп бүрт оролцохоос өмнө ээж аавтайгаа зөвлөх”
“Танихгүй хүн зурвас бичвэл хуваалцаж байх”
Family Link, Qustodio, Bark зэрэг ухаалаг хяналтын аппликейшнүүдийг ашиглах
YouTube Kids, Messenger Kids гэх мэт аюул багатай хувилбарыг сонгох
Хүүхдийн IP, төхөөрөмжийг хязгаарлах тохиргоо хийх (ISP-ээр дамжуулан) зэрэг үндсэн зургаан дүрмийг Монголын эрэн сурвалжлах сурвалжлагчдын төлөө төвөөс зөвлөж байна.
Боловсролын байгууллагуудын тухайд цахим аюулгүй байдлын хичээлийг сургалтын хөтөлбөрт тусгах, бодит жишээгээр эрсдэлийг хүүхэд бүрд ойлгуулах хэрэгтэй. Түүнчлэн Харилцаа холбооны зохицуулах хороо хуурамч хаяг, хүүхдийн эсрэг бэлгийн шинжтэй контентыг илрүүлэх, устгах арга хэмжээг эрчимжүүлэх нь чухал байна.
Хүслэнгийн түүх бол өнөөдөр олон монгол хүүхдийн даван туулж буй нийтлэг асуудлын тусгал гэж хэлж болно. Хүүхдүүд зөвхөн танихгүй этгээдийн хохирогч болдоггүй. Цахим орчинд тэднийг “таних юм шиг”, “үнэлж магтаж буй мэт” байдлаар аажмаар урхиддаг, олон улсын хэмжээнд тогтсон, зохион байгуулалттай гэмт хэргийн сүлжээ Монголд ч нэвтэрсэн гэдгийг санах хэрэгтэй.
Цахим ертөнцийн хаалгыг нээх түлхүүр нь эцэг эхчүүд, багш сурган хүмүүжүүлэгчид, төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажил, эгэх хариуцлага билээ.
Д.Болорчимэг
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.