Цэдэнбалын Цэрэндолгор
04 сарын 01, 2021
Нөхөр маань өвөө эмээ дээрээ өссөн хайртай ач хүү нь. Танилцаж нэгнээ танихын хажуугаар амьдрал сурна гэж нададаа л том даалгавар байв. Өвөө эмээ нь бүх ажлыг хамтдаа хийцгээдэг туйлын ажилч хичээнгүй улс. Хар залуугийн л хамтдаа зүтгэлээ гээд хачин сайхан дурсамжууд ярина.
Бараг хоолны хувингийн таглааг нэг нь авч нөгөө нь давс хийдэг гэвэл дэгсдүүлсэн хэрэг болохгүй. Гэхдээ энэ бол хамтдаа хоол хийх тухай ярианаас хэдийнэ хальсан тусдаа ойлголтын тухай асуудал байв. Залуугаасаа эрэгтэй эсвэл эмэгтэй хүний ажил гэж тусдаа ялгаа гэж бараг байдаггүй эрх тэгш харилцааг эрхэмлэж ирсэн нь үйлдэл бүхнээс нь харагдана.
Амьдралаа энэ тэнцүүхэн үүрч бүх зүйлийг хамтдаа хийж сурсан нүднээ илхэн. Эмээ олон таван үггүй. Хааяахан ам халвал эмээ нь залуудаа согоо явлаа гээд нүд нь гялалзаад ярьдаг сан. Нягтлан мэргэжилтэй, овоохон орлоготой, хумсаа урт ургуулдаг сайхан эхнэрээ тэр бүр ажилд оролцуулахгүй эсвэл гэрийн ажлаа элбэж хийдэг байжээ жолооч өвөө маань. Яг л энэ зангаараа нэг насыг хамтдаа туулцгааж. Тэр нь ч 70 гарсан ч толиотой сайхан эмээгийн царай, ааш аалинаас харагдана.
Нөхрийг маань ч өөриймсөж гамнаад байхгүй. Эмэгтэй хүнийг хүндэлж, халамжлах ёстойг хэдийн ойлгуулж, хүмүүжүүлчихсэн нь илт. Хоол унд хийх, хог цэвэрлэх, ажил амьдралдаа эр юм гэж хойш үл тавина. Бие биенээ сонсож, хамтдаа бүхий л шийдвэр гаргана.
Амьдралын хүндийг хуваалцана гэдэг, адилхан ажиллаж хөдөлмөрлөж, хамтдаа өсөж дэвшинэ гэдэг ерөөсөө ч тээр төвөг биш билээ. Үүнийг амьдралаараа зааж сургасан буурлуудын жишээнээс ойлгосон. Өнөөдрийн жендэр гэгч нэр томъёо нь тусдаа айхтар ойлголт бус хос хоёрын нэгэндээ үзүүлж буй ухаалаг хүндэтгэл, эрх тэгш байдал юм гэдгийг олж харсан.
Энэ сайхан буурлуудыг хэвшмэл ойлголттой эхнэр бүхнийг хийх ёстой мэт ойлгодог, өөрөөс нь илүү цалинтай байхыг хүлээн зөвшөөрдөггүй, эрх мэдлийн тэгш бус хуваарилалттай гэр бүлтэй харьцуулаад бас нэг зүйлийг олж харсан.
Жендэрийн хэвшмэл ойлголттой хүнтэй гэрлэсэн бүсгүйчүүд өөрийгөө нээж ч амжихгүй, хэзээ ч биелэхгүй хүсэл мөрөөдөлтэйгээ л амьдралаас буцацгаадаг юм билээ. Харин хань нөхөр нь дэмжиж хамждаг бол, өөрөөс нь илүү цалин авахыг нь хүлээн зөвшөөрдөг бол өөртөө итгэл дүүрэн амьдарч, амжилтанд хүрч сайхнаараа өтөлдөг юм билээ. Мэдээж хэн нэгнээ “доош хийхгүй”-гээр зэрэгцэн оршихыг ухаарсан учраас хамтдаа өсөж хөгжиж, санхүүгийн төдийгүй нийгэмд эзлэх байр суурь нь хурдан өсдөг байх нь.
Нөгөө талд эрчүүдийн хувьд ч хэвшмэл ойлголтын балгаас болж олон асуудалтай тулгарч байгаа нь харамсалтай. Гэр бүлийн харилцаанд гэхэд эрчүүд л гэр бүлээ авч явах ёстой гэсэн үүрэг хариуцлагыг нийгмээс тулгадаг нь нууц биш. Бараг л үхэшгүй супер баатар байх ёстой мэт үнэмшилтэй эрчүүд маань хоймортоо сууж, хоолны тостойг нь идэх ёстой гэж боддог, эмнэлэгт үзүүл гэхээр “Эр хүн яав л гэж” хариулдаг. Шаналсан ч гэсэн “Эр хүн уйлдаггүй” гэсэн хоосон загварт баригдаж гуниг гомдол бүхэндээ шатаж шаналсан нууна. Уг нь эрэгтэй эмэгтэй хүний оршихуй гэгчийг хүндэлдэг гэр бүлд өссөн бол сэтгэл хөдлөл, мэдрэмжээ эрүүлээр таньж, удирдаж чаддаг гэдгийг сэтгэл зүйчид баталчихсан, тэр хэрээрээ аливаа асуудал бэрхшээлийг эрүүлээр даван туулдаг юм байна.
Гэтэл манайд хээ шаагүй, олон таван үггүй, гүндүүгүй монгол эр нэрийн дор сэтгэл хөдлөлөө илэрхийлдэггүй, стресс бухимдлаа тайлахын тулд архи ууж цаашлаад асуудалд орж, амьдралдаа бүдэрч, сэтгэл зүйн асуудалд идэгдэж явна.
Дэлхий дахинд амиа хорлолтоор Монгол Улс гуравдугаарт жагсаж байна. Тэр дундаа амиа хорлолтын 80 хувийг эрчүүд эзэлдэг гэсэн харахад ч эвгүйрхмээр статистик үүнийг батална. Дундаж наслалт нь ч эмэгтэйчүүдийнхээс 10 насаар доогуур байна. Боловсролын түвшингээрээ мөн эрэгтэйчүүд хоцрогдолтой байдаг. Ерөнхий боловсролын сургуульд тэгш хамрагддаг ч гэсэн дээд боловсролын төвшинд маш зөрөөтэй тоо гарч ирдэг.
Энэ талаар хүний эрхийн хуульч Н.Орчлонгоос тодруулахад “Буруу үг хэллэгээс улбаатай ойлголт буруу зүйлийг зөөлрүүлээд, уламжлал, монгол хүний онцлог гэж цагаатгадаг нь муу муухай бүхнийг тэжээгээд байна. Үүнээс салахыг л жендэрийн ойлголттой болох гээд байгаа юм. Манайхны хэвшмэл ойлголт хэтрээд байна. Ерөнхий сайд нь хүртэл жендэрийн хэвшмэл ойлголттой. Эмэгтэй хүний хүүхэд гаргахыг нь хүртэл бараг зааж байна.Залуусын хувьд гэрлэхээрээ сүрхий барууны маягаар гэрлэдэг хэрнээ үнэндээ цаад агуулга нь хуучинсаг хэвээрээ. Гэрлэнгүүт эрчүүд нь буйдан дээр хэвтчихдэг. Маш хурдан таргалдаг, эрүүл мэндэдээ анхаарал хандуулдаггүй, гал тогооны ажилд барагтаа бол оролцохгүй. Ажил хамт олноороо, найзуудаараа хотоос гараад ирэхээр л хөдөлмөрийн хуваарь дээр тэр нь шууд харагдана. Эрчүүд нэг тийшээ очиж тамхи татацгаана, юм яриад л аар саар зүйлс зөөж, зарим нь эхнээсээ ууж халамцана. Ингээд хоол бэлэн болонгуут иддэг. Эмэгтэйчүүд нь эсрэгээрээ очингуутаа хиам зүсэж, хоол ундаа бэлдэж харагдах нь энгийн л дүр зураг. Уг нь бүгдээрээ амрах гэж, цэвэр агаар амьсгалах гэж очсон биз дээ. Хэрвээ жендэрийн мэдрэмжтэй бол хамтдаа ажлаа хувааж хийнэ. Эрчүүдэд хэлэхэд битгий ийм байгаарай. Ядаж л эмэгтэйчүүдээсээ ямар ажил дээр тусалж болохыг нь асуу, аль болох асуухгүйгээр хийх ёстой” гэсэн юм.
Хөөрхөн зүрх ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн Д.Амартүвшин "Эрэгтэй хүн үүнийг л хийнэ, эмэгтэй хүн түүнийг л хийнэ гэдэг хэвшмэл буруу ойлголт байна. Бид зарим асуудал дээр яг ийм байдлаар, “хайрцаглагдсанаас” болж, гол чиг баримжаагаа алдаад байх шиг байна.
Эр хүн бол айл гэрийн ноён нуруу гээд л ярьдаг. Гэтэл хамтын амьдрал гэдэг хоёр болон хэд хэдэн багана дээр тогтож байдаг. Үүнээс аль нэг баганыг нь давамгайлж авч үзэх нь олон сөрөг үр дагавартай. Дэлхий дахинд эрэгтэйчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдийнхээс богино байна. Монголчуудын хувьд дундаж насны зөрүү нь бараг 9 байна шүү дээ. Эндээс юуг харж болох вэ гэвэл, бид “эр хүний ноён нуруу” гэж таахалзаж явсаар эцсийн мөчид богино амьдарч байна. Илүү аз жаргалтай амьдарч чадахгүй байна гэсэн үг шүү дээ." гэв.
Харагддаггүй бүхэн илүү хүчтэй бас амь бөх оршдог аж.
Хүүхэд байх үеэс гэр бүлийн орчинд харсан сурсан бүхэн тархинд гүн бат суусаар хэвшмэл ойлголтын балгийг дурдахгүй өнгөрч болохгүй.
Жендэрийн тэгш байдлын үзүүлэлтээр манай улс 2018 онд 58 дугаарт орж байсан бол 2020 оны үзүүлэлтээр 79 дүгээрт байгаа нь үүний баталгаа юм.
Шуудхан хэлэхэд хүчирхийллийн үндэс буюу хүмүүжилдээ хэрэглэж буй зарим нэг хэвшмэл ойлголтуудыг халах цаг нь иржээ.
Сонирхуулахад Латин Америкийн орнуудад эрэгтэй хүнээр гэрийн ажил хийлгэх хуультай байдаг. Сонсоход инээдтэй юм шиг боловч жендэрийн хэвшмэл ойлголтын ханыг нураах оролдлого юм. Адилхан ажил хийж ирчхээд нэг нь буйдан дээрээ хэвтэж зурагт үзэн нөгөө нь хоолоо хийх ёсгүйг, хүүхдүүдэд буруу үлгэр дуурайлал харуулах ёсгүйг хуульчилсан хэрэг.
Жендэр гэдэг эрх тэгш байдлын тухай ойлголт тул Gender stereotypes буюу хүйсийн хэвшмэл ойлголт тойрсон зарим үгсийг онцолж байна.
Гар хүрэх: Хэн нэгэн хүний биемахбодид гэмтэл учруулсан хэрнээ “Өө гар хүрчихсэн юм” гэж хэлэх нь балмад явдал юм. Энэ тохиолдолд гар хүрэх бус зодох гэдэг үг хэрэглэнэ.
"Муухан эр хүнээс дээр", "Эр муу ч эмийн дээр": Эмэгтэй хүнийг магтахдаа “Муухан эр хүнээс дээр” гэдэг. Эмэгтэй хүн хэчнээн сайн сайхан байсан ч хамгийн муу эрэгтэй хүнээс л дээр гэсэн ойлголт мөн биз дээ. Энэ бол хөвгүүддээ заавал хэлж ойлгуулах ёстой ойлголт юм.
“Бүсгүй хүн урт үстэй, ухаан богинотой”: Энэ бол үнэндээ үеэ өнгөрүүлсэн ойлголт. Ухааны цараа үсний урт богинотой ямар холбоо хамааралгүй. Хэрэв энэ үгийг хэрэглэдэг бол жендэрийн хэвшмэл ойлголттой гэсэн үг.
"Эр нэг алдаа л биз, эрэг нэг нураа л биз": Үүнийг ганц жишээ дээр тайлбарлая. Хэрвээ эрэгтэй хүн эхнэрээ араар тавьсан бол байх л зүйл, эр хүн шүү дээ гэж өмөөрдөг. Харин эмэгтэйчүүдийг нийгмээрээ балбадаг.
"Эхнэрээсээ бага орлоготой арчаагүй эр": Монголд эр нөхөр нь эхнэрээсээ илүү орлого олох ёстой гэсэн хэвшмэл ойлголт бий. Үүний цаана эхнэр нь санхүүгийн хувьд өөрөөс нь хамааралтай байх ёстой гэсэн далд ойлголт нуугддаг. Бас нийгмийн зүгээс ингэж харж байгаа нь жендэрийн хэвшмэл буруу ойлголт юм.
"Эрчүүд л шийдвэр гаргах ёстой": Хамтын амьдрал гэдэг хайрлах, хүндлэх, ойлголтоо нэгтгэх болохоос биш нэгнээ захирах нэр биш юм.
"Хүүхэн шиг шальчигнуур": Чалчаа, шальчигнуур байх нь тухайн хүний л ааш зан болохоос биш 3,5 тэрбум эмэгтэй хүний онцлог биш. Эр хүн тухайн асуудлыг тайлбарлаж ойлголцох нь энгийн зүйл юм.
"Сайн ахын дэмжлэгээр яваа бүсгүй": Амжилттай яваа эр хүнийг хараад ихэнх нь бахархдаг, хүлээн зөвшөөрдөг. Харин эмэгтэйчүүдийг өөр нүдээр харж өөнтөглөх, заавал эр хүний дэмжлэгээр яваа мэт ярих нь хэвшмэл ойлголтын маш тод илэрхийлэл юм.
"Хөвгүүдийн өнгө цэнхэр, охидынх ягаан": Бид өөрсдийн сонголтоороо хүүхдийнхээ хүсэл мөрөөдөл, мэргэжил сонголтод нөлөөлж сэтгэлгээг нь хайрцагладаг. Жишээ нь жендэрийн онцлог бүхий тоглоомууд нь охидыг шинжлэх ухаан ч, математик сэтгэлгээнээс холдуулдаг гэдэг нь батлагдсан.
Жендэр гэж хүүхнүүдэд хамаатай ойлголт: Жендэрийн эрх тэгш байдал гэдэг нь эрчүүдийн байр суурийг ганхуулах, доош нь хийх гэсэн асуудал огт биш.Энэ бол бүгдээрээ тэгш эрх, тэгш оролцоотой нийгмийг бүтээх тухай ойлголт.
Охид эмч эсвэл багш болсон нь дээр: Өнөөдөр их дээд сургуульд суралцаж буй оюутнуудын 70 орчим хувь нь эмэгтэйчүүд байна. Монголын эмч нарын 70 гаруй хувь нь, багш нарын 80 гаруй эмэгтэйчүүд. Энэ бол жендэрийн хэвшмэл ойлголтын балаг.
Эмэгтэйчүүд улс төрд ороод яах юм: Эмэгтэй нэр дэвшигчийг нүд үзүүрлэдэг бол хүйсийн талаарх хэвшмэл ойлголттой гэсэн үг, жендерийн боловсрол тааруу байгаагийн хамгийн тод жишээ.
"Эр хүн уйлдаггүй юм": Эрчүүдэд тулгадаг жендэрийн хэвшмэл ойлголт тэднийг сэтгэл хөдлөлөө илэрхийлэх боломжийг нь хязгаарладаг. Хүүхэд байхаас нь хүүдээ ийм үг бүү хэлээрэй. Энэ үгийг сонсож өссөн хүүхэд хаалттай нэгэн болж өсдөг. Сэтгэл хөдлөлөө танин мэдээгүй учраас түүнийгээ илэрхийлэх аргаа мэддэггүй том хүн болно. Хамтын амьдралаа эхлүүлэхэд өөрийгөө ойлгуулж чаддаггүй шалтгааны нэг гэж сэтгэл зүйч онцолж байна.
Оргүйгээс охинтой нь дээр: Энэ үгийг үгсийн сангаасаа хасаарай. Хэрвээ ийм үг хэрэглэдэн бол хоцрогдсон эсвэл хүйсээр ялгаварлан гадуурхагч юм.
Би гурван охины ээж. Тэднийгээ бас ахмад буурлуудын сургаалаар бас энэ хэдэн хэвшмэл ойлголтоос хол өсгөхийг хичээдэг. Хамтын амьдрал амжилттай болох эсэхийг жендэрийн мэдрэмж шийднэ.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.