Шинэ коронавирусийн нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ өнөөдөр хийлээ.

Энэ үеэр ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Дэлхийн 213 улс, бүс нутагт коронавирусийн халдвараар 2.182.000 хүн өвчилж, 145.515 хүн нас барж, 547.094 хүн эдгэрч, 1.4 сая хүн эмнэлэгт эмчлүүлж байна. 

АНУ, Испани, Иран, Итали, Герман, Швейцарь, Турк, Их Британи улсуудад өвчлөлийн тархалт их байна.

Манай хойд хөрш ОХУ-ын бүх нутагт коронавирусийн өвчлөл бүртгэгдсэн байна. Өчигдөр өвчлөл бүртгэгдээгүй байсан Алтайн муж улсад хоёр тохиолдол бүртгэгджээ. Алтайн муж улс нь Баян-Өлгий аймагтай хиллэдэг. 

Москва, Санкт-Петербургт өвчлөл зонхилон тархаж байна. Иймд тус гарзуудаас ирсэн иргэдээ бусад мужууд нь 14 хоног тусгаарлаж байх шийдвэрийг өчигдөр орой гаргасан. Ялалтын баярыг хойшлуулсан. Москва хотын захирагч коронавирусийн үед эмч нарыг ажилдаа ирэх болон явахад үнэгүй таксигаар үйлчлэх, зочид буудалд үнэгүй байрлуулах шийдвэр гаргаж, эмч, эмнэлгийн ажилчлынхаа хангамжийг сайжруулж буй юм байна. 

Мөн Сингапур анхаарлын төвд байна. Тус улсад сүүлийн 24 цагт хамгийн их буюу 728 тохиолдол бүртгэгдсэн байна. Сингапурт нэгдүгээр сарын сүүлээр анхны тохиолдол бүртгэгдсэн. Түүнээс хойш халдварыг хяналтдаа тогтвортой авч байсан боловч энэ сарын эхээс өвчлөл өндөр байдалд шилжсэн. Үүнийхээ гол шалтгааныг гадаадаас ирсэн хүмүүс гэртээ тусгаарлагдах дэглэмийг зөрчиж, бусдад халдвар тараасан гэж үзэж буй. 

Харвардын эмч мэргэжилтнүүдийн судалгаагаар коронавирусийн эсрэг үр дүнтэй вакцин гартал зай барих дэглэмийг мөрдөх нь чухал. Үүнийг бид 2022 он хүртэл хэрэгжүүлэх шаардлагатай гэсэн дүн гарсан байна. 

Манай улсын хэмжээнд ажиглалтад нийт 1642 хүн байна" хэмээлээ.

Монгол Улсад коронавирусийн нийт 31 тохиолдол бүртгэгдсэн нь бүгд зөөвөрлөгдөн орж ирсэн. Тэдгээрийн 5 нь эмчлүүлэн эдгэрч, 26 нь нь эмнэлэгт эмчлүүлж байна.