Х.Баттулга: УИХ-ын дарга бид хоёр хэмнэлт хийх саналтай байгаа

Б.Баясгалан
10 сарын 17, 2018

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн даваа гарагт Монголын үндэсний олон нийтийн телевизийн “Цаг үе, үзэл бодол” нэвтрүүлэгт оролцож, цаг үеийн асуудлаар тус нэвтрүүлгийн хөтлөгч А.Бүрэнбаатартай ярилцав.

Ярилцлагыг бүрэн эхээр нь хүлээн авч, уншина уу.

-Бидний урилгыг хүлээн авч ярилцлага өгч буйд баярлалаа.

-Та бүхэнд амралтын өдөр цаг зав гарган албан өрөөнд минь ирж ярилцлага авч буйд баярлалаа. Энэ бол өмнөх Ерөнхийлөгчийн найман жил ажилласан өрөө. Би энд суугаад жил гаруй болж байна. Өнгөрсөн есөн жилийн хугацаанд ямар нэг засвар ороогүй. Энэ нь мэдээж төсөв, мөнгөний асуудалтай холбоотой юм. 2012 оны үеийн Ерөнхийлөгчийн төсөв одоогийн Ерөнхийлөгчийн төсөв үндсэндээ адилхан явж байгаа. 2019 оны төсвийн асуудлыг ярих тул Ерөнхийлөгчийн төсвийн асуудлыг дурдаж байгаа юм.

2019 оны Ерөнхийлөгчийн төсөв өнгөрсөн жилийнхээс багасаж 4.6 орчим тэрбум төгрөг болсон. Зарим хүмүүс намайг гадаад улс орнууд руу айлчлахгүй байна гэж шүүмжилдэг. Гэвч, онгоцны тасалбарын үнэ болоод айлчлалын бүрэлдэхүүнд ганц, хоёроор тогтохгүй олон хүн явдаг зэрэг асуудлыг бодолцож үзэх хэрэгтэй. Гадагшаа явахдаа хэвлэл, мэдээллийн зэрэг зардлыг хувиасаа гаргаж байж мэдээлэл хүргэж байгаа. Энэ талаар дурдаад өнгөрөх хэрэгтэй болов уу гэж бодоод хэллээ.

Мөн саяхан НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохын тулд АНУ-д айлчлах асуудлаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй санал солилцож, Ерөнхий сайд энэ хуралд явахаар болсон юм. Хэд хоногийн зайтай хоёул, хоёулаа явахаар зардал л өснө. Тиймээс ярилцаад шийдсэн хэрэг.

Мөн бид гадаад харилцаандаа нэг бодлого баримталж байгаа. УИХ-ын дарга, Ерөнхий сайд хэн нь ч очсон нэг зүйл ярьж байгаа.

Би сонгогдсоныхоо дараа Владивосток явсан. Тэнд манай бүс нутгийн удирдагчид очсон. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин, Японы Ерөнхий сайд Ш.Абэ… гээд. Ингээд эхний айлчлалаараа бид танилцсан. Албан ёсоор ширээн дээр сууж байгаа ч албан бусаар хоорондоо уулзаад, танилцчихдаг. Дараа нь Чиндаод бүс нутгийн асуудлаар мөн л ярилцсан. Энэ бол нэг айчлалаар олон уулзалт хийж байна гэсэн үг. Сая Владивосток хотод очиж мөн л Төрийн тэргүүн нартай уулзаж, ярилцсан. Азербайжан явахдаа мөн хонины ноосны утасны экспортын асуудлаар судалгаагаа барьж очоод төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх асуудлаар ярилцсан.

Бакугийн дэлхийн аваргад очиж багаа дэмжсэн. Энэ бол бахархал. Манай улсын жүдогийн хөгжил их өндөр байна лээ. 2019 оны дэлхийн аварга Токиод болох юм. Мөн л албан айлчлалаар очингоо багаа дэмжиж болно шүү дээ. Спорт гэдэг бол залуучуудыг зөв хүмүүжил рүү ойртуулах хамгийн энгийн алхам юм.

-Төсөв хэлэлцэж буйтай холбогдуулан та чуулганы хуралдаанд оролцож үг хэлэхдээ багагүй санал, шүүмж хэлсэн. Ингэхдээ УИХ-ын дарга болоод Ерөнхий сайдыг төсвөө хэмнэх хэрэгтэй, 10-20 хувь хэмнэх боломж байгаа гэсэн. Та харин өөрийн төсвийг батлагдсан хэмжээнд нь зохицуулаад явах бодолтой байна уу?

-УИХ-ын дарга М.Энхболд 2019 оны улсын төсвийг 10 хувь хэмнэх ёстой гэж хэлсэн. Би Ерөнхийлөгчийн хувьд дээрх уриалгыг дэмжиж 15 хувь болгоё гэсэн. Харин Ерөнхий сайд “хувьсгал” хийнэ гэж гарч ирсэн тийм үү. Хэрэв тийм бол хувьсгалаа төсвөөс эхлэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байна. Харин хэмнэсэн мөнгөөрөө байнга яригдаж ирсэн аж үйлдвэрийн комбинатаа байгуулж, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдээ боловсруулах замаар энэ салбараа босгох хэрэгтэй.

Бид 26 сая толгой малтай байхдаа аж үйлдвэрийн комбинаттай байсан. Одоо малын тоо бараг гурав дахин өссөн. Гурван аж үйлдвэрийн комбинаттай байх ёстой гэсэн үг биз дээ. Ноосоо боловсруулъя, утас болгоё. Утсаараа даавуу, хивс зэрэг бүтээгдэхүүн хийе л гэж байгаа юм. Мөн ченжүүд малчдын гар дээрээс жил бүр 10 мянга орчим тонн ноолуур авдаг. Махаа экспортолж, арьс ширээ боловсруулж чадахгүй байна. Бүгд түүхийгээрээ, хагас боловсруулагдсан байдалтай маш хямдхан гадаад руу гарч байна. Тиймээс түүхий эдээ боловсруулъя гэсэн бодлого л ярьж байгаа юм. Үе, үеийн Засгийн газар, УИХ тооцоог нь хийчихсэн байгаа. Нэгэнт арилжааны банкны зээлээр аж үйлдвэр хөгжихгүй нь тодорхой байгаа тул төсвөөс хэмнэлт хийж энэ салбараа босгох хэрэгтэй гэсэн бодлого баримталж байна.

Би төсвөөс хэмнэх боломжтой зардлуудыг тооцож үзээд, тэмдэглээд явж байгаа. Жишээ нь, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Татварын хэлтсийн байр барихад зориулж 1 тэрбум 350 сая төгрөг төсөвлөсөн байна. Энэ барилга байх эсэхээс үл хамаарч ажил явагдана. Хэлтэс нь захиргааныхаа байранд байрлаад байж болно.

Мөн Хууль зүй, дотоод хэргийн салбарын нэгдсэн конторын барилга барихад 4 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Барилгын зураг төсөвтэй, төсөвгүй маш олон барилга барихаар тусгасан байна.

-Аймаг, сум орон нутагт шинээр байшин, барилга баригдахгүй болохоор сум орон нутаг хөгжихгүй гэдэг. Төрийн албан хаагчид нь захиргааны барилга дотроо багтахгүй байна гээд байгаа шүү дээ.

-Төрийн алба данхар байна гэж бүгд л шүүмжилдэг. Төрийн албан хаагч нарт зориулж барилга барихын оронд аймаг бүрт анхан шатны боловсруулах үйлдвэр барих хэрэгтэй. Засмал зам, дэд бүтэцтэй болчихсон. Дэд бүтэц гэдэг нь зам. Би Зам, тээврийн сайдаар ажиллаж байхдаа Азийн хөгжлийн банкнаас мөнгийг нь гаргуулж, зургийг нь гаргасан. Тухайн үед маш их шүүмжлэлтэй тулгарсан. Увс, Говь-Алтай руу засмал зам татаж яах гэж байгаа юм гэцгээж байсан. Нэг үгээр “үргүй зардал” гэж тодотгож байсан шүү дээ. Харин одоо тээвэр, ложистик, аялал жуулчлалтай холбогдож байна. Харин хөдөө, аж ахуйн талаасаа бид түүхий эдээ орон нутгаас л авна. 21 аймаг дэд бүтэцтэй болсон тул одоо контор биш анхан шатны үйлдвэрийн барилга хэрэгтэй байна.

Энэ салбарт нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхэд л зөвхөн ноолуураас нэг жилд 2 тэрбум ам.доллар олох боломжтой. Ийм энгийн зүйлийг олон дахин яриад байхаар сүүлдээ залхдаг юм байна. Одоо ч болтугай төсвийн асуудалдаа анхаарахгүй бол 4, 4 жилээр Засаг солигдож, санамж нь хүртэл энэ хэмжээнд байдаг боллоо.

-Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг төсвийн асуудлаар хуралдуулна гэж байсан. Хуралдаж, нэгдсэн ойлголтод хүрсэн үү?

-Анх удаагаа улсын төсвийн асуудал ярихаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурал зарласан. УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх бид гурав уулзсан. Илтгэгч нь Сангийн сайд Ч.Хүрэлбаатар байх ёстой байсан ч гадаадад байсан учир бид гурав уулзаж, дээр дурдсан асуудлын хүрээнд ярилцсан.

“…УИХ-ын дарга бид хоёр хэмнэлт хийх саналтай байгаа, энэ нь төсөв эвдэж байгаа зүйл огт биш, төсөв хэмнэх саналаа өгье…” гэж Ерөнхий сайдад хэлсэн. Ингээд би төсвийн асуудлаар МАН-ын бүлгийн хуралдаан болоод Ажлын хэсэг, Төсвийн байнгын хороонд танилцуулга хийхээр болсон.

-Та төсвийн талаар үг хэлэхдээ “гишүүдийн мөнгө” гэдэг зүйлийг багагүй шүүмжилсэн. Гэвч энэ нь таныг УИХ-ын гишүүнээр ажиллаж байх үед ч байсан мөнгө гэж харж байгаа. Энэ мөнгөө гишүүд тойрогтоо зөв зүйлд зарцуулдаггүй юм уу?

-Манай өнөөгийн тогтолцоо буюу 76 тойргийн асуудал бий. Би тойрогтоо ямар нэг юм хийхийн тулд, мөнгө хуваарилуулахын тулд Сангийн яам, Ерөнхий сайдаа “огцруулна” шүү гээд л дарамталж эхэлнэ. Энэ бол өнөөгийн бодит тогтолцоо. Тэгээд Ерөнхий сайд нь мөнгө хуваарилна. Би энэ талаар маш тодорхой хэлсэн. Н.Энхбаяр 2000-2004 онд Ерөнхий сайд байхдаа нэг намын 72 гишүүнээс бүрдсэн УИХ-ыг бүрдүүлсэн байсан. Гишүүд нь бодлого, үйл ажиллагааг нь эсэргүүцээд эхлэнгүүт нэг, нэг сая төгрөг тойрогт нь өгч байсан юм. Одоо энэ мөнгө таван тэрбум төгрөгт хүрч. Энэ бол бодит байдал. Сонгуулийн болон тойргийн тогтолцоогоо эргэж харах хэрэгтэй.

Монгол Улс хөгжихгүй байх, иргэдийг хөгжүүлэхгүй байх бодлого асар гүн гүнзгий орж ирсэн талаар УИХ-ын гишүүд ч ярьдаг болсон байна. Сүүлийн жишээ гэхэд цэрэг армиа чадавхжуулж, тэднээр бүтээн байгуулалтын ажил хийлгэе гэж УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр баасан гарагийн чуулганы хуралдаан дээр хэлсэн. Гэвч, ийм зүйл ярихаар эсэргүүцээд л босоод ирдэг. Аж үйлдвэрийн парктай болъё гэхэд ч гэсэн эсэргүүцсээр. Одоо арьс ширээ боловсруулъя гэхэд юу нь болохгүй байгаа юм бэ?

Энэ асуудлаар би одоо УИХ, Засгийн газартай ярилцаж, их ойр ажиллаж байгаа.

-Анх удаагаа Ерөнхийлөгчийн ажлын өрөөнд орж ирлээ. Таны ширээн дээр их олон судалгааны материал харагдаж байна. Удахгүй УИХ-д ажлаа тайлагнах байх гэж бодлоо. Өнгөрсөн хугацаанд яг юу хийж, хэрэгжүүлсэн бэ?

-Хэрэгжүүлэх алхмуудыг хийж байна. Засгийн газартай л хамтрахгүй бол юу ч хийж чадахгүй. Жишээ нь, хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгох асуудлыг УИХ-д өргөн барихад  дэмжихгүй гээд унагасан. АТГ-ын даргыг сольж, оффшорт байгаа мөнгийг оруулж ирье гэхэд ч УИХ хөдлөхгүй байна. Санаачилсан, хийсэн бүх л ажлыг УИХ унагаж байна. Нуух аргагүй, бүгд л харж байгаа байх.

Уул, уурхай дагнасан баахан компанийн захирлууд УИХ, Засгийн газарт орж байна. Эргээд өөрсдөдөө үйлчилж байгаа нь Монгол Улсад хамгийн их аюул учруулж байгаа зүйл боллоо.

“Эрдэнэс Тавантолгой”-г бүтнээр нь Хятадын төрийн өмчийн “Шинхуа” компанид үнэгүй 100 жилээр нь шилжүүлэх гэж байсныг та санаж байгаа биз дээ?

-Тийм яриа гарч байсан.

-Энэ бол яриа биш, болсон явдал. 2015 онд УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж байсан. Тэр үед “Шинхуа” гэж компанид Ухаа худгийн менежментээр одоогийн татвар бүрдүүлж байгаа ТОП-3 компанийн 2-т байгаа “Эрдэнэс Тавантолгой” компанийг 60, 40 жилээр нийт 100 жилээр үнэгүй өгөх гэж байсан шүү. Миний өмнөх Ерөнхийлөгч энэ ардчилсан нийгмийг авчралцсан хүмүүсийн нэг атлаа тэр уул, уурхайг лиценз нэрээр авч, эзэгнэж байгаа хүмүүсийн лоббинд орсон байгаа биз. Өмнө нь Ерөнхий сайд хийж байсан, хоёр удаа ард түмний итгэлийг хүлээж Ерөнхийлөгчөөр ажилласан. Одоо ингээд гуравхан жилийн дараа өнөөдөр л гэхэд  ашигтай ажиллаж байгаа 6-7 тэрбум тонны нөөцтэй коксжсон нүүрсний ордыг үнэгүйгээр “Шинхуа” гэж компанид 100 жилээр өгөх гэж оруулж ирсэн шүү.

Тухайн үед байсан бүтэц одоо УИХ, Засгийн газарт ороод ирчихсэн. Бид эндээс хөдлөхгүй л юм бол болохгүй. Уул, уурхайн баялагтай мөртлөө эзэнгүй, баялаггүй мөртлөө эзэнтэй улс орны ялгаа их байна. Би саяхан Азербайжан улсын Ерөнхийлөгчийн урилгаар тус улсад айлчилсан. Тухайн улс Баялгийн сангаа яаж авч явдаг вэ гэдгийг судалсан. Зууны гэрээ гэж нэрлэгддэг энэ гэрээг хийснээр иргэд нь баялгийнхаа эзэн болж, 38.9 тэрбум ам.долларыг сандаа хуримтлуулж чадсан байна. Харин Монголын баялагтай болсон хүмүүс УИХ, Засгийн газар, шийдвэр гаргагчдыг барьчихсан.

-Уул, уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар мөн баялгийн сан гэж яриад явсан…?

-Маш олон хүн энэ сэдвээр ярьж байгаа. Баялгийн сантай улс руу УИХ-ын олон ч гишүүн айлчилсан. Тухайн үедээ ярьж байгаад л мартчихдаг. Энэ сангийн асуудлыг мартуулаад байдаг нь нөгөө л хэсэг хүмүүс шүү дээ. Монгол Улс өөрөө баялагтаа эзэн болоод, энэ сангаа “шилэн” байлгах байсан. Гэвч, төрд шургалсан олигархууд бүх зүйлийг эсрэгээр нь хийж байна. Шүүх, хүчний байгууллагууд ч орооцолдсон.

Саяхны нэг жишээ хэлье, 10-аад хоногийн л өмнө байх. 1.3 сая ам.доллар БНХАУ-ын иргэний гэрээс олдсон мэдээ гарсан. Энэ бол үнэн. Ямар асуудал болов, ямар мөнгө байв гээд асуусан. Ван гэж хятадын иргэн Ян гэж өөрийн улсын иргэнтэйгээ нэгэн орд газраас болж маргасан байна лээ. Монгол хүнд байсан лицензийг эхлээд худалдаж авсан. Ингээд асар их баялаг гараад ирэнгүүт хоорондоо муудалцаад, шүүх хүчний байгууллагыг талцуулж, 1.3 сая ам.долларын авлига өгөх хэмжээнд хүрсэн байна. Бидний гэрт орж ирээд бидний баялгийг булаалдаж байна шүү дээ!

Вангийн болон Янгийн талын шүүгч, цагдаа гээд байна. Нэг талынх нь цагдаагийн талыг толгойлж байгаа хүн нь социализмын үед бэлтгэгдсэн нэлээн ахмад генерал цолтой хүн байгаа шүү. Би мэдээлэл ойр тул хүн гүтгээгүй. Эндээс бид юу болов гэдгийг харах, дүгнэх хэрэгтэй.          

–Таныг ингээд засаглалын асуудал ярихаар Ерөнхийлөгчийн засаглалтай болох гэж байна гэж хүмүүс шүүмжлэх юм?

-Ардчилал бол аливаа асуудлыг чөлөөтэй шүүмжилдэг, олон ургалч сэтгэлгээтэй нийгэм. Би Ерөнхийлөгчийн тухай бус засаглалаа эргэж харъя л гэсэн юм. Гэхдээ ард түмнээрээ хэлэлцүүлье. Ингэхдээ сонгууль явуулж байгаа юм шиг байдлаар иргэдээс асууж тогтолцоог өөрчлөх ёстой гэж үзэж байгаа. 64 гишүүнтэй бүлгийн шийдвэрээр Үндсэн хуульд гар хүргүүлж болохгүй. Эс бөгөөс Үндсэн хуулийг уул, уурхайгаар дамжуулан асар их мөнгөтэй болчихсон хүмүүс чиглүүлнэ шүү.

Надад 1982 оны долоодугаар сарын 9-ний өдрийн Үнэн сонин байна. Энэ сонин дээр “Өмнөговь аймаг дахь Таван толгойн геологи хайгуулын ангийн У.Буянбаатар ахлагчтай өрмийн тавдугаар бригад Дорнод аймаг дахь геологийг удирдах газрын өрмийн мастер Сүрэнхүүгийн өрмийн нэгдсэн бригадын туршлагаар ажиллаж нэг сард баганат өрөмдлөгөөр 547 уртааш метр өрөмдөж, геологи хайгуулын удирдах газрын шинэ дээд амжилт тогтоож, их ойдоо бэлэг барилаа гэж” бичсэн байна.

Энд бичсэнээр бол 1982 онд Таван толгойн ордыг өрөмдөж хайгаад олчихсон байсан байгаа биз. Гэтэл С.Баяр гэж хүн Ерөнхий сайд байхдаа 1 сая ам.доллараар өрөмдсөн гэх дүгнэлтээр “MCS”-д энэ ордоос тасдаад өгчихсөн. Эндээс л зөрчил үүссэн.

-Уул, уурхайн асуудал ярихаар Х.Баттулга Ерөнхийлөгч өөрөө уул уурхайтай холбоогүй гэж яаж нотлох вэ, “MCS” гэдэг компанитай мөнхийн зөрчилтэй байх юм гэж хардах хүмүүс бий байх?

-Манай авлигын эх үүсвэр, уул уурхай буруу явсны жишээ гэж л яриад байгаа юм. Аль хэдийнэ 1982 онд олж нээсэн уурхайг яахаараа бид нээсэн гэж хэлээд тасдаад авчихдаг юм бэ. Яагаад хууль хүчний байгууллага ажиллахгүй байгаа вэ. Үндсэн хуулиа ийм хүмүүсээр оролдуулж болохгүй.

Хэрэв би уул, уурхайтай холбоотой байсан бол энэ асуудлаар олон жил ярьж, шүүмжлэхгүй. УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, миний бие Монгол Улсын Ерөнхийлөгч бид гурав анх удаагаа Ухаа худаг, Таван толгойтой холбоогүй Төрийн өндөрлөгүүд болсон юм шүү. Тийм учраас Таван толгой, төмөр замыг хөдөлгөх шийдвэр гаргасан. Урьд нь энэ бүлэглэл аль нэгийг нь оосорлоод үлдээчихдэг байсан.

Саяхан би Эрдэнэс Таван толгойн захирал Ганхуяг гэж залууг дуудаж уулзаад, чи гайхамшигтай орд газарт очлоо шүү, ашигтай ажиллаж, иргэдэд хувьцааны ногдол ашиг өгнө шүү гэж хэлсэн. Намайг нэг компанийн тухай яриад байгаа гэж битгий ойлгоорой. Энэ бол тогтолцооны асуудал. Уул уурхайгаа лиценз нэрээр гаднынханд өгснөөр энэ мөнгө эргэж орж ирэхдээ төр, засгийн шийдвэрт нөлөөлөөд байгаа талаар л ярьж байгаа. Бид эндээс гарна. Гарах ч болно. Би итгэлтэй байгаа.

-Таныг төмөр замын асуудал ярихаар “овоолсон шороо”-ны асуудал сөхөгддөг. Энэ асуудал юу болсон бэ. Тийшээ дахин очсон уу?

-“Далан”, “овоолсон шороо” чинь миний үед эхлээгүй юм. Миний үед Төмөр замын бодлого батлагдсан. Дараа нь сонгууль болж, одоогийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга А.Гансүх Зам, тээврийн сайдаар очсон. Тухайн үед бондоос 280 сая ам.долларын хөрөнгө оруулалт гарсан. Тэр мөнгөөр төмөр замын даланг бариад дуусгасан. Одоо дахиад хөрөнгө оруулалт хэрэгтэй байгаа юм. А. Гансүхээс хойш хэд, хэдэн сайд солигдсон. Тэд бүгдээрээ төмөр зам хэрхэн тавьдгийг мэддэг. Энэ төмөр замыг үргэлжлүүлж тавих ёстой юм. Шийдвэр гарсан тул энэ хавар ажил эхлэх байх гэж харж байгаа.

-Ер нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн болох та, гишүүд болох УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар дотоодынхоо асуудлаар нэгдсэн ойлголтод хүрсэн гэж ойлгож болох уу?

-Бид гурав нэгдсэн ойлголтод хүрч болно. Гэвч цаана нь УИХ бий. Хэрэв өөрөө санаж байгаа бол одоогийн Засгийн газрыг бүрдүүлж байх үед би зөвшилцөх бичгийн хариуг хоёрхон цагийн дотор өгч Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийг болон түүний Засгийн газрыг дэмжсэн. Гэхдээ ганцхан Сангийн сайд чинь л Монгол Улсын Сангийн сайд биш гэж эсэргүүцэж байсан.

Харамсалтай нь, УИХ томилчихсон. Одоо юу болж байна гэхээр Сангийн сайд өөрийнхөө сонгогдсон тойрогт 52 тэрбум төгрөгийн төсөв тавьчихсан сууж байна. Тэгэхэд Ерөнхийлөгчийн жилийн төсөв 4 тэрбум төгрөг байх жишээтэй. Би энд өөрийнхөө төсвийг нэмүүлэх гэж яриад байгаа юм биш. Харин төсвийг ийм байдлаар оруулж ирэх юм бол Монгол Улс бахь байдгаараа л байна гэдгийг яриад байна.

УИХ-д олон сонгогдсон, Засгийн газарт олон удаа ажилласан, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан Сангийн сайд сэтгэл гаргаж төсвөө батлуулъя гэсэн бол арай ч ийм юм оруулж ирэхгүй байх байлаа. Одоо гишүүдийн тойрогт хуваарилсан таван тэрбум төгрөгийг танаад түүхий эд боловсруулах үйлдвэр барих хэрэгтэй.

-Таны яриад байгаа зүйл үе, үеийн Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, 2030 он хүртэлх үзэл баримтлал зэрэгт байгаа шүү дээ?

-Намайг УИХ-д үг хэлж, улсын төсөв дээр хувьсгал хийх тухай яриад гарсны дараа УИХ-ын гишүүн З.Нарантуяа Ерөнхий сайдаас асуулга асуусан. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар өгсөн хариултандаа бид хоёрын ярьж байгаа асуудлыг л ярьсан байна билээ. Бүсчилсэн хөгжил, ноос ноолуур, хөдөө аж ахуй, эдийн засгийг солонгоруулах… гээд л ярьж байгаа юм. Гэтэл төсөв нь ингэж орж ирж байдаг. Ер нь, Монгол Улсын Сангийн сайд мөн үү, биш үү гэдэг асуудлыг л ярих хэрэгтэй болж байгаа юм.

Яагаад хүүхдийн мөнгийг эсэргүүцдэг юм. Энэ бол хүн амаа өсгөх бодлого. Яагаад Оюутолгойн борлуулалтын орлогыг Монгол банкаар дамжуулж, Монголд байлгая гэхээр Сангийн сайд нь лобби хийж байгаад кноп дараад унагаж байдаг юм. Энэ асуудлыг ярих л хэрэгтэй.

-Та бид хоёр багагүй шүүмжлэлтэй өнцгөөс ярьж байна. Биднийг эрчим хүчний сэдвээр нэвтрүүлэг бэлтгэж байхад цахилгаан станцууд хэзээ мөдгүй зогсох, хөлдөх аюултай гэж байсан. Бас өдөрт нас барж буй хүмүүсийн тоо дайн болж байгаа улсынхаас ч их зэрэг…олон таагүй зүйлс байсаар байна.

-Би байнга л амиа хорлосон, аваарт орсон, хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн тоо ярьж явдаг хүн болчихоод байна. УИХ дээр ч хаалттай ярьж байгаа. Болж бүтэж байгаа юм байгаа л даа. Өнгөрсөн 28 жилд алдаж оносон юм зөндөө л байгаа. Ямар ч байсан ардчилсан сонгууль явуулдаг боллоо. Гэтэл энэ нь эргээд мөнгөний сонгууль болчихлоо. 21 аймгаа авто замаар холбоод авч байна. Зориглоод л шийдсэн асуудал. Эрчим хүчний нүүрстэй байгаа мөртлөө эрчим хүчгүй байгаа асуудал ч бидэнд байна. Эцсийн дүндээ бодлогогүйн улмаас энэ бүх асуудал үүсэж байна. Бидэнд эрчим хүчний ч бодлого байхгүй. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс шинээр томилогдсон С.Даваасүрэн сайдыг дуудаад “Нар салхины цахилгаан станц барина гэх юм, судалгаа хаана байна” гэхэд байхгүй л байгаа байхгүй юу. Ийм л байна. Юу гэж байна вэ гэхээр дөрвөн жилийн настай Засаг маань өнгөрсөн 28 жилд дүнгээ тавиулчихаж. Энэ дүнг өөрчлөхийн тулд ард түмнээсээ асууя л гээд байгаа юм.

-Танаас нэг зүйлийг асуухгүй бол болохгүй нь. Цаазын ялтай холбоотой зүйл их яригдаж байна. Ерөнхийлөгч ийм зүйл хүсээд байгаа юм шиг ойлгогдоод байна л даа. Та үнэхээр цаазын ялыг сэргээх гэдэг дээр ямар байр суурьтай байдаг юм бэ?

-Манай улс долоон зүйл ангиар цаазын ял өгдөг байсан юм байна. Ерөнхийлөгчид нэр дэвшээд явж байхдаа иргэд бага насны хүүхдийн хүчирхийллийн асуудалд маш эмзэг хандаж буйг харсан. Тэр хүүхдүүдийн ирээдүйн амьдрал, эцэг эхийн байдал гээд олон асуудал байна. Тиймээс ганцхан бага насны хүүхдийг хүчирхийлэх гэмт хэрэгт л цаазын ялыг сэргээж өгөөч гэж байгаа юм. Энэ асуудлыг Хууль зүй, дотоод хэргийн яам, УИХ-д тавьсан. Одоогоор хариу ирээгүй байна. Бид цаазын ялгүй болох цаг болсон юм уу, төлөвшсөн юм уу гэдгийг эргэж хармаар юм билээ. Үндсэн хуульдаа бол цаазын ялтай хэвээр. Гадны гэрээ, Европын Холбоо гээд ярихаар Үндсэн хуультайгаа зөрчилдсөн хуулийг бид өргөн барьчихаад байгаа юм.

-Олон улсын түвшинд хойшоо ухарна гээд байдаг. Өмнөх Ерөнхийлөгч телевизээр ярилцлага өгч байхдаа “тэгээд тэр ял авсан хүмүүсийг цаазалдаг гэж хэн мэдэж байгаа юм. Хүн хэлмэгдэх юм биш биз дээ” гэсэн зүйлсийг ярьж байсан?

-АНУ, БНХАУ, Япон зэрэг орнууд цаазын ялтай шүү дээ. Тэглээ гээд эдгээр орнууд ардчилсан нийгмээсээ ухарсан зүйл байна уу. Цаазын ял өөрөө их эмзэг сэдэв л дээ. Би бол бүх зүйл ангид биш бага насны хүүхдийн гэмт хэрэгт л гэж онцгойлон авч үзээд байгаа юм. Сошиалаар мушгиад янз бүрээр яриад л байгаа.

-БНХАУ сүүлийн 70 жилийн хугацаанд маш хурдацтай хөгжиж, эдийн засаг нь АНУ-ын түвшинд очих нь. Засаглалын хувьд эрүүл байна. БНХАУ, ОХУ-ын харилцааг олон улсын түвшинд авч үзвэл бид хаана явна вэ. Бас одоо яах вэ?

-Бид 1990 оноос нэг гараанаас гарсан гэж хэлж болно. Тухайн үед хятадууд орос барааг их авдаг байсан. Ингэхдээ технологи судлаад л байсан хэрэг. Ер нь Хятадын эдийн засгийн хөгжил Дэн Сяопиний бодлогоос эхэлсэн. Энэ бодлогоо хатуу баримтлаад л явсан. Хятадын онцлогтой социализм нь хувийн хэвшлийг зөвшөөрч, тариачдын тариаг 100 хувь төр хурааж авдаг байснаа бага багаар эргүүлэн өгч, төрийн өмчит том компаниудаа хувьчилсан. Иймэрхүү байдлаар яваад одоо хөгжөөд буй боловч 300-400 сая хүн ядуу байгаа. Энэ их том тоо.

Мөн БНХАУ бүс нутагтаа том бодлого явуулаад эхэлсэн. “Бүс ба Зам” бол дэд бүтцээр дамжуулан бүс нутагтаа давуу байдлыг олж авах бодлого. Хятад улсын хувьд энэ зөв бодлого. Харин бид яах ёстой вэ. Нэн тэргүүнд газрын дээрх баялгаа боловсруулах хэрэгтэй байна. Газрын доорх баялгаа эзэнтэй болгох хэрэгтэй байна. Эзэнтэй болгоно гэдэг нь бид нар тоолдог байя л гэж байгаа юм. Сая жишээ хэлсэнчлэн, бид нарын баялгийг хоёр хятад булаацалдаж, манай шүүх, хүчний байгууллагыг хоёр хуваачихсан л байгаа байхгүй юу. Телевиз үзэж байгаа хүмүүс үүн дээр дүгнэлт хийгээсэй гэсэндээ би үүнийг ярьж байна. 2015 оны жишээ буюу Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд байсан хүмүүс топ татвар төлөгчдийн хоёрт жагсдаг “Эрдэнэс Таван толгой” компанийг Хятадын компанид 100 жилээр өгөх гэж орж ирсэн. Би нэр устай нь ярьж байгаа. Ц.Элбэгдорж, М.Энхсайхан гээд…

-Иргэдийг өрнөөс гаргах асуудал яригдсаар байна. Иргэд хэзээ гэж асуулгахыг хүсэж байгаа байх?

-Миний өрөөнд байгаа энэ Үндсэн хууль дээр би гараа тавиад тангараг өргөсөн хүн. Газрын доорх баялаг ард түмнийх гэж энэ Үндсэн хуульд бичсэн байгаа. Харин ард түмнийх болгох ажлыг бид Таван толгойгоос эхэлсэн. Энэ уурхай ашигтай ажиллаж 1072 хувьцаанд ногдол ашиг өгөх ёстой.

-Та үндэсний үйлдвэрлэлээ ямар замаар дэмждэг вэ?

-Боломжийн хирээр дэмжих гэж оролддог. Ялангуяа би өөрөө анх юм оёж, түүнийгээ зарж, бизнес эхлүүлж байсан болохоор оёдолчдоо дэмжихийг оролддог. Ерөнхийлөгч болоод хамгийн түрүүнд АНУ-аас Монголд суугаа Элчин сайдтай уулзаж, Монголд оёсон бүтээгдэхүүнийг АНУ-д татваргүй оруулж өгөөч гэсэн хүсэлт тавьсан. Мөн тус улсын Ерөнхийлөгч Трампад захидал бичсэн, Конгресс нь мөн энэ асуудлыг хуулийн төсөл хэлбэрээр хэлэлцэж буй. Энэ ажил амжилттай явж байгаа. Би заримдаа хоёр талдаа халаастай өмд өмсөөд яваад байдаг даа, тэр чинь Монголын “Urban Jeans” компаниар өөр өөр өнгийн тав, зургаан өмд захиалгаар хийлгэсэн нь тэр.  “Best Shoes” гутлын үйлдвэрт гутлаа  захиалж, “Говь” үйлдвэрээр пальто оёулж, дотоодын компаниар бэлгэнд өгөх зангиа хийлгүүлдэг гэх мэт жишээ дурдаж болно.

-Маш чөлөөтэй ярилцлага өгсөн танд үзэгчдийнхээ өмнөөс талархал илэрхийлье. Баярлалаа.

-Баярлалаа.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.