Хээрийн эмнэлэгт 50 хүн хэвтүүлэн эмчлэх боломжтой

Х.Оргил
05 сарын 07, 2020

Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Шадар сайд Ө.Энхтүвшин, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан нар Жаргалантын ам дахь спорт цогцолборт баригдаад буй гамшгийн үеийн хээрийн хөдөлгөөнт эмнэлэгт ажиллав.

Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн шуурхай удирдлагын газрын тасгийн дарга, дэд хурандаа Д.Хонгор хээрийн хөдөлгөөнт эмнэлгийн үйл ажиллагааг холбогдох албаны хүмүүс танилцууллаа. Энэхүү хээрийн эмнэлэг нь 50 хүн хүлээн авах хүчин чадалтай. Шаардлагатай тохиолдолд 15 ор нэмэлтээр дэлгэх боломжтойгоос гадна жилийн дөрвөн улиралд ажиллах боломжтой. Өнөөдөр хээрийн эмнэлэгт 30 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд ажиллах байна гэдгийг танилцуулгадаа онцолж хэлсэн юм.

Мөн коронавирусийн халдвар олширч, нөхцөл байдал хүндэрсэн тохиолдолд хээрийн эмнэлгийг байгуулж ажиллах бөгөөд уг эмнэлэгт мэс засал хийх, эрчимт эмчилгээ, хэвтэн эмчлүүлэх, яаралтай тусламж үзүүлэх зэрэг эмнэлгийн бүхий л үйлчилгээг үзүүлэх юм байна.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх:

-Улсын хэмжээнд цар тахал өвчин дэгдлээ гэхэд хяналтандаа авч, яаралтай тусламж үзүүлэх, өвчтөнүүдээ хэвтэн эмчлүүлэх боломжийг бүрэн хангаж, бэлтгэлийг базаасан байна гэж харлаа. Энэ тохиолдолд мэргэжлийн байгууллагууд хэрхэн уялдаа холбоотойгоор харилцан ажиллах вэ гэдгээ мэддэг болсон байна. Цаашид ч энэ бэлэн байдлыг тогтмол шалгаж байх ёстой. Иймээс иргэд, олон нийт өндөржүүлсэн бэлэн байдалд байж, гэр бүл, үр хүүхэд болон бусдын эрүүл мэндийг хамгаалахын тулд өөрсдөө аливаад ухамсартай хандах хэрэгтэй. Төр засаг, ард иргэдийн хамтын үйл ажиллагааны үр дүнд коронавирусийн халдвараас бид хамгаалсаар ирлээ. Улс оронд аюул нүүрлэлээ гэхэд хариу арга хэмжээ авч чадах нөхцөл боломж бүрдэж чадсан гэдэг нь өнөөдрийн дадлага сургуулилалтаас харагдаж байна.

Монгол Улсын Онцгой комиссын шийдвэр, Шадар сайдын 33 дугаар тушаалын дагуу дадлага сургуулилалт гурван өдрийн турш үргэлжилж байна. Улс, нийслэлийн онцгой комиссын Шуурхай штаб, 9 дүүрэг, 21 аймгийн Шуурхай штабууд тодорхой цагийн байдал дээр дэлхий нийтэд тархаад буй цар тахлын хариу арга хэмжээний үеийн үйл ажиллагааг тодорхойлох, бэлэн байдлаа шалгах, харилцан ажиллагааг зохион байгуулах, үүрэг гүйцэтгэж буй албан хаагчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх арга хэмжээг зохион байгуулж байна.

Холбоотой сэдвүүд

хот2020 хээрийн сургуулилт

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.