21-р зууны иргэн бүрт шаардлагатай цахим орчны мэдлэг олгох зорилгоор Facebook компанийн олон улсад хэрэгжүүлж буй "We Think Digital - Бид Дижитал Иргэд" төслийг Монгол улсад эхлүүлжээ.

Уг хөтөлбөрийг Faro  агентлаг Боловсрол шинжлэх ухааны яам Харилцаа холбооны мэдээллийн технологийн газартай хамтран хэрэгжүүлж байна. We Think Digital Mongolia фэйсбүүк хуудас болон wethinkdigitalmn инстаграм хаягаар цуврал хэлэлцүүлгүүд, боловсролын контентуудыг хүргэж, үнэ төлбөргүй цахим сургалтуудыг явуулах аж.

Мөн олон салбарын мэргэжилтнүүд дижитал иргэдийн эзэмших ёстой чадварууд, цахим аюулгүй байдлын талаарх ойлголтууд, шүүн тунгаах чадвараа хөгжүүлэхийн ач холбогдол, хуурамч мэдээлэлийг таних арга зам зэрэг сэдвүүдийн хүрээнд өөрсдийн мэдлэг, туршлагаа хуваалцан, Facebook Live хэлэлцүүлэг өрнүүлэхээр төлөвлөж байгаа гэнэ. 

Өнөөдөр эхний хэлэлцүүлгийг "Дижитал иргэншил" сэдвийн хүрээнд  өрнүүлжээ. Хэлэлцүүлгийн үеэр Сайн Сургуулийг Таны Дэргэд ТББ-ын үүсгэн байгуулагч П. Наранбаяр цахим орчны зөв хэрэглээг ЕБС-ийн сургалтын хөтөлбөрт тусгах шаардлагатай тухай ярьлаа. 

Тэрбээр "Цахим орчинд өөрийгөө зүй зохистой удирдаж, бусадтай хүндэтгэлтэй хандаж, хүний эрхийг хүндэтгэх зэрэг чадварыг хүн бүрд суулгах, мэдүүлэх зайлшгүй шаардлага бүрэлдээд байна. Үүгээр зогсохгүй оюуны өмчийг хүндэтгэх, өөрийн хувийн мэдээллийг хадгалж, аюулгүй байдлаа хангах зэрэг найман үндсэн чадварт суралцах хэрэгтэй. Интернет дэлгүүрээс худалдан авалт хийхдээ зальлуулахгүй байх, хуурамч хаягийг ялгах нь өөрийгөө эрсдэлд оруулахгүй байж  сурах нь зүй. 

Интернет дэх үй олон мэдээлэл дундаас өөрт хэрэгтэй мэдээллийг ялгаж авдаг хүний шийдвэр гаргах чадвар сайжирдаг. Тиймээс цахим орчин дахь хэрэглээг таниулах нь бие даасан иргэн хүнийг төлөвшүүлэхэд чухал алхам болох юм" гэлээ.

Түүнчлэн иргэдэд интернэт орчин ашиглах мэдлэг дутагдаж байгаа талаар  Hippocards-н гүйцэтгэх захирал, комедиан Б. Идэр-Од өөрийн санал бодлоо хуваалцсан юм. 

Тэрбээр "Хэдэн сарын өмнө миний зургийг ашиглаж хуурамч хаяг нээсэн байсан. Хүмүүс намайг гэж бодоод дагаж байж. Эхэндээ надтай ижил пост орууулж, эерэг мэдээлэл тарааж хүмүсийг татсан бол сүүлдээ улс төрийн санаа зорилготой пост оруулж хүмүүсийг төөрөгдүүлж байсныг олж мэдсэн.

Үүнээс хүмүүсийн дунд олны танил эрхмүүдийн цахим  хаягны жинхэнэ гэсэн цэнхэр тэмдэгийг ялгаж харах талаар мэдээлэл хүртэл дутмаг байдгийг харж болох юм. Түүнчлэн харахыг хүсэхгүй байгаа мэдээллээ report хийж, хуурамч хаягыг unfriend, block  хийх боломжтойг. мэдэхгүй байх нь цөөнгүй. Энэ мэт энгийн хэрнээ өөрийн цахим аюулгүй байдлыг хангах талаарх мэдээллийг "We think digital" хөтөлбөрөөс авах боломжтой." гэлээ.

Мөн Монгол Улсын засгийн газраас иргэдэд интернэт орчны хэрэглээг зүй зохистой ашиглах ажил хэрэгжүүлж байгаа тухай Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б. Болор-Эрдэнэ "Засгийн газраас төрийн үйлчилгээг цахимд шилжүүлэх олон арга хэмжээг шат дараатайгаар хэрэгжүүлж байгаа. Цахим орчинг ашиглах мэдлэгийг интернетэд нэвтрэх чадамжаас эхлэдэг.  Түүнчлэн хөдөө орон нутагт интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлэх тал дээр ажиллаж байгаа. Одоогоор 320 гаруй сумд шилэн кабель суурьлуулж интернэтэд орох боломжийг хангасан байна. Цахимаар төрийн үйлчилгээ авах аргыг сургах зорилгоор ажиллаж байна." гэсэн юм.