Цэдэнбалын Цэрэндолгор
08 сарын 17, 2021
Энэ зун дотоодын аялагчдын заавал очих газрын нэгээр Их нууруудын хотгорт орших Хяргас нуурын хадан цохио багтаад буй. Хэцүү хад хэмээн нэрлэгдсэн байгалийн өвөрмөц тогтоцтой энэхүү газар аялагчдын хог хаягдалд дарагдаад байгаа юм. Энэ талаар Хэцүү хад хэсгийн байгаль хамгаалагч Б.Алтансүхээс тодрууллаа.
-Нуурын эрэг орчмоор хог хаягдал нэлээн харагдаж байна. Өдөртөө цэвэрлэгээ хийдэг үү?
-Бид хавар энэ орчмыг бүрэн цэвэрлээд ширхэг ч хоггүй болтол цэвэрлээд аялагчдаа хүлээн авсан. Хавраас хойш Хэцүү хадыг зорин ирсэн жуулчдын хог бөөгнөрсөөр ийм их болчихсон. Уг нь өдөртөө цэвэрлэгээ хийдэг ч ерөөсөө дийлдэхгүй юм.
-Аялагчид ямар төрлийн хог хаягдал түлхүү хаядаг вэ?
-Манайхан нуурын хөвөө рүү явахдаа үүргэвчиндээ ундаа ус гээд идэж уух бүхий зүйлсээ аваад ордог. Хүний хэрэгцээ юм чинь авч явалгүй яах вэ. Гэвч гялгар уут, хуванцар баглаа боодлыг ил задгай хаячихдаг нь хур хог үүсэхэд нөлөөлөөд байна. Мэдээж соёлтой, байгаль орчиндоо аялагчид зөндөө бий л дээ. Сайны хажуугаар саар гэгчээр иймэрхүү хариуцлага аялагч нар ч олон бий.
-Зарим хадан цохионуудын завсараар бие зассан байсан. Ер нь бие засах газрыг хэрхэн зохицуулсан бэ?
-Уг нь отоглох цэг дээрээ боловсон бие засах газартай л даа. Төлбөртэй болохоор юм уу бүү мэд, зарим аялагчид жорлонд бие засдаггүй, майхныхаа ард л “залчих” гээд байдаг талтай.
Бид нар ажил үүргийнхээ дагуу шаардлага тавьдаг. Энд бие засаарай, байгальд битгий хогоо хаяарай гэхээр ихэнх нь тун уриалгахан хүлээж авдаг ч цаашаа эргээд л хогоо үлдээдэг. Зарим нь шаардлага хүлээж аваад хог хаягдлаа зориулалтын цэг дээр хаядаг шүү. Тэдэнд үнэхээр баярладаг.
-Оргил үедээ хэд орчим хүн ирж амардаг вэ?
-Энэ жил 6 дугаар сарын 20-ноос хойш 8000 гаруй аялагч энэ орчимд ирээд байна. Үүнээс гадна Хяргас нуурын ойролцоо баазуудад ч аялагчид нэлээн буусан.
Наадмын үеэр 10-аад хоногт олон хүн ирсэн, амрагчид хаа сайгүй машин тэрэг байрлуулчихсан. Бүр майхан ч барих газаргүй шахам болсон. Замбараагүй олон хүн зэрэг ирэхээр зохицуулахад ч бэрх юм билээ.
-Бие засах газар хэзээ ашиглалтад орсон бэ?
-Увс аймгийн БОАЖГ, АЖХ-оос анхаарал хандуулж бие засах газрыг ашиглалтад энэ жил өгсөн. Энэ жил жорлон барьсан тулдаа нөхцөл байдал эрс дээрдээд байгаа нь энэ. Хотын аялагчдын ихэнх нь заавал бие засах газраа биз засдаг. Орон нутгийн аялагчдын хувьд бут сондуул бараадах гээд байдаг тал анзаарагддаг.
-Их цэвэрлэгээ хийдэг үү?
-Бүрэн их цэвэрлэгээг намар аялагчдын хөл татарсан хойно хийдэг. Хавар ч гэсэн хүн ирэхээс өмнө цэвэрлэдэг. Энэ хавар гэхэд гурван машин хог хаягдал гарсан. Энэ зуны байдлаар 8 орчим тонн хог хаягдал түүж, сум руу ачаад байна.
-Таны анзаарснаар ямар төрлийн аялагчид хариуцлагатай, байгаль орчиндоо ээлтэй аялж байна вэ?
-Нэгдсэн зохион байгуулалтаар явж байгаа хүмүүс цэмцгэр аялдаг. Байгальд хог хаягдал үлдээнэ гэж бараг байхгүй дээ.
Ухамсартай, аяллын зорилгоосоо хазайдаггүй. Харин ч хог түүж цэвэрлэж яваа байгаль хамгаалагчдад тусалдаг юм. Найз нөхөд, анги хамт олноор яваа зугаалж яваа хүмүүс л хамгийн төвөгтэй. Уусан идсэн бүх л зүйлийнхээ хогоо хаяад явчихдаг. Шаардлага тавиад ч нэмэргүй дээ.
-Дотоодын аялагч, гадны жуулчин хоёрын хандлагын ялгаа хэр байдаг вэ?
-Гадны жуулчид хог хаягдалд маш ухамсартай ханддаг. Майхан барихдаа эргэн тойронд нь хог хаягдал байвал цэвэрлэнэ. Явахдаа ширхэг ч хог үлдээхгүй.
Манайхны хувьд өөрсдөө хог хаячхаад нийгмийн сүлжээнд энд ийм байна гээд л бичдэг. Мэдээж ухамсартай аялагчид үүнд хамаарахгүй л дээ. Зарим нь цалин авч байж, хогоо түү л дээ гэж загнадаг.
Хоггүй байя гэж байгаа нь сайхан. Гэхдээ хүн болгон л аялалд хандах сэтгэлгээгээ өөрчлөхгүй бол амрагч болгоныг дагаж хог түүнэ гэвэл амжихгүй шүү дээ.
-Хэцүү хадыг зорин ирж байгаа хүмүүст та юу зөвлөх вэ?
-Монголчууд та бүхнийгээ хоггүй сайхан аялахыг уриалж байна. Авч ирсэн хогоо аваад буцдаг, байгаль орчиндоо ээлтэй аялагч байгаарай гэж та бүхнээс хүсэе. Хүн бид л гэхээс байгаль дэлхий хог үйлдвэрлэхгүй шүү дээ. Хаана ч байсан очсон газраа хоноцын биш өөриймсөг сэтгэлээр хандахыг байгаль хамгаалагчийн хувьд хэлмээр санагддаг.
Манай Хяргас нуур догшин лус савдагтай. Хогоо хаяад явж байгаа хүнд гомддог л байх.
Сэтгэгдэл бичих (6)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [202.126.89.44] ・ 2021.08.17 Хариулах
хүн очдог газраа хангалттай жорлонгоо хийлдээ. тэгээд л хүмүүс рүү бухахын. ядаж хогын цэгийн олон хийгээд өөрсдөө ч гэсэн мөнгө авч байгаа бол сэтгэл гаргаад ажлаа хийгээч
Зочин [66.181.161.44] ・ 2021.08.17 Хариулах
Авчирсан хогоо өөрөө аваад зайлаач. Юм болгоныг бэлэнчлэх санаатай
Зочин [202.126.90.142] ・ 2021.08.17 Хариулах
Инээд хүргээд бхы ганц жорлон хийчихээд хаха. Эргийн дагуу олон жорлон хий л дээ. Тээр холоос наад руу чинь баах гэж ирэхгүйшдээ. Маш олон жорлон хийж тавь. Жорлоншдээ байшин барь гээгүй, маш хямд өртөгөөр босно. Бүхэл бүтэн аймаг бж арай ч дээ. Ийм асуудал яриад бж бх гэж. Тэгээд амрагчид руу буруугаа чихээд. Жорлонгүй яахын бэ ай.
Зочин [202.21.124.132] ・ 2021.08.17 Хариулах
хаа сайгүй жорлон тавчихвал нуурын эрэг харах гэж очсны хэрэг юу байгаа юм хүний ялгадас үнэрлэсээр байгаад таарах нь холхон явчихад яах вэ дээ аль болох байгалиа хэвээр нь үлдээмээр байна.
Зочин [202.126.88.174] ・ 2021.08.17 Хариулах
Нуурын эргийн дагуу дор хаяж 200 м газарт оо барьж болдоггүй юмаа. Таны хэлдэг маш олон жорлон хийх боломжгүй бхоо. Хотын гудамжинд хаа хамаагүй сууж бааж шээдэггүй биз дээ , нуур луу орохдоо бие засчаад орж болно, энэ нь хувь хүний л ухамсрын асуудал. Хэцүү хад аюултай догшин газар хаа хамаагүй шээж баасан хүмүүс лусын хорлол болно доо.
Санал болгох
1 Олимпиадад л сайн оролцдог биш олон хүүхдийг зөв замд хөтөлдөг, хайр дүүрэн багш байхыг хүсдэг
2 А.Өлзийдэлгэр: Бонд бол мөнгөө өсгөх эрсдэлгүй бодит боломж гэдгийг хүмүүс мэддэггүй
3 Х.Үүрийнтуяа: “Ирээдүйгээ өөрчлөхөд минь та хамт байх хэрэгтэй байна” гэсэн захианаас үргэлжлүүлж багшлах урам зориг авсан
4 Тогтвортой байдлын төлөөх үйл хэргийн боловсролыг хэлэлцэж байна
5 Люксембургийн хөрөнгийн биржид Голомт банк ХК-ийн анхны ногоон, нийгмийн бонд бүртгэгдлээ
Холбоотой мэдээ
Нийгэм
Увс аймаг жилд дотоод, гадаадын 150 мянган жуулчин хүлээж авдаг
Х.Оргил ・ 06 сарын 16, 2023
Улс төр
Ч.Хүрэлбаатар: Эдгээр ажил хийгдвэл баруун 5 аймагт Хятадын том зах зээл нээлттэй болно
Б.Баясгалан ・ 08 сарын 30, 2018
Нийгэм
Увс аймгийн 12 суманд хаваржилт хүндэрчээ
Х.Оргил ・ 03 сарын 06, 2019
Нийгэм
Маршал Ю.Цэдэнбалын хөшөө Орхон аймагт сүндэрлэлээ
Х.Оргил ・ 12 сарын 15, 2018
Нийгэм
Увс аймгаас гадагш гарах авто замын хөдөлгөөнийг нээлээ
peak.mn ・ 12 сарын 02, 2018
Үндсэн категори
Бусад
Үйлчилгээ
Холбоо барих
Мэдээ
77191977
Редакц
99126085
Имэйл
contact@peak.mn
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу, 24-р байр
© 2017-2024 Пийк Медиа Групп ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.