Хичээлийн танхимд хүүхэд хөлгүй болсон асуудлаар хохирогч болон түүний өмгөөлөгч Г.Баасан нар мэдээлэл хийлээ. 

Энэ талаар өмгөөлөгч Г.Баасан хэлэхдээ, "2017 оны 10 сарын 31-нд 33 дугаар сургуулийн гуравдугаар ангийн сурагч Б-г ээж нь сургуульд нь хүргэж өгчээ. Б нь ангидаа Ө гэдэг хүүхдэд өшиглүүлж, зүүн өвдөгний тойгоо мултлуулсан гэмтэл авснаас хойш нэг жил боллоо. Тухайн үед анги камертай ч камерийг шүүгээгүй байна. Б нь аравдугаар сарын 31-ний шөнө халуурч хоносон, түргэн тусламж дуудсан ч ирээгүй. Маргааш нь ээж нь Б-г ангид нь тэвэрч хүргэж өгсөн боловч охин нь өвдөөд байна гэж уйлж ярьснаар нэг цагийн дараа буцаад ангиас нь авч гэмтлийн эмнэлэгт хүргэжээ. 

Арваннэгдүгээр сарын 9-ний өдөр ангийн багш Ү-д мэдээлж, Б-ын бодит байдлын зургийг явуулжээ. 11, 12-р саруудад Б-г эмнэлэгт хэвтлээ гэдгийг мэдэгдсэн. Гэвч ангийн багш Ү нь Б-гийн эрүүл мэндэд огт санаа тавиагүй үл тоосон байна. Бага сургуулийн менежер Н-тэй арванхоёрдугаар сарын 27-нд уулзаж, байдлыг танилцуулаад "муу сурлагатай, угаасаа хөл муутай хүүхэд, хохь чинь гэсэнтэй агуулга ижил" хариу авчээ.

Тухайн үед 108 утсанд хандсан ямар ч арга хэмжээ аваагүй байна. Б-ын хөлний гэмтлийн зураг, CD-г Солонгос, Энэтхэг Казахстан улсын эмнэлгүүдэд цахимаар явуулжээ. 2018 оны тавдугаар сарын 14-нд сургуулийн захиралтай уулзахад энэ асуудлыг огт мэдээгүй байжээ. Ангийн багш Ү, бага сургуулийн менежер Н, өшиглөсөн хүүхдийн аав ээж нартай хуйвалдан 7 cap шахам сургуулийн удирдлагаас нууж, ангийн камер бичлэгийг тухайн үед нь хянаагүйгээс үүдэн Ө-гийн аав ээж нар "Миний хүүхэд өшиглөсөн гэдгийг хэн харсан юм. Харсан гэдгээ хэлээд гэрчилж байгаа хүүхдийг өш хонзонтой болоод тэгж хэлж байна" гэсэн тайлбар хийх боломжийг бүрдүүлсэн. Харин сургуулийн хамт олон охинд 2 сая 153 мянган төгрөгийн хандив үзүүлсэн байна.

2018 оны гуравдугаар сарын 27-нд БЗД-ийн Цагдаагийн 2-р хэлтэст гомдол гаргаж, Шүүхийн шинжилгээний шинжээч эмч Б.Ариунзул гуравдугаар сарын 28-ны өдөр Б-гийн гэмтлийг хүндэвтэр гэж дүгнэсэн. Хагас жилийн хугацаанд гэмтэл эдгэрээгүй тул дахин шинжлүүлэхэд аравдугаар сарын 17-нд шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлт нь Б.Ариунзулын дүгнэлт үндэслэлтэй, хүндэвтэр гэмтэл гэж дахин гаргалаа. Б-гийн хөл эдгэрэх найдваргүй болж, мэс засал хийхээс өөр аргагүйд хүрч доод тал нь 60 сая төгрөг одоогоор шаардагдаж байна. Гэтэл охины ээж түрээсийн байранд амьдардаг, ийм их хэмжээний мөнгө байхгүй учраас одоог хүртэл хагалгаанд орж чадалгүй яг нэг жил болжээ.

Б охин одоо таягтай, удаан алхаж чадахгүй, хамраас нь үе үе цус гардаг, хоолонд дургүй, ухаан алдаж унадаг, өвдөлт их өгдөг, хичээлдээ явж чадахгүй эрүүл мэндээрээ хохирч байна. 

Ийм учраас олон нийтийн анхааралд хүргэж, Боловсролын яаманд хүүхдийн сурч боловсрох эрх зөрчигдөж, хичээлийн танхимд хүүхэд эрүүл мэндээ алдсан асуудалд хариуцлага тооцож нийтэд шуурхай мэдээлэхийг Б-ын хөлөнд мэс засал хийлгэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлэхийг Эрүүл мэндийн яам, Хүүхдийн эрхийн төлөөх байгууллагууд, ард олноосоо хичээнгүйлэн хүсэж байна” гэв.