Ц.Энх-Амгалан: Бэлчээрийг доройтсон гэж ерөнхийлөхөөс илүү сэргэх чадавхаар нь ангилж ашиглах хэрэгтэй

Монгол Улсын бэлчээрийг “доройтсон” гэж ерөнхийд нь ярихаас илүү тухайн газар нутгийн төлөв байдал, сэргэх чадавх, доройтлын түвшинг дата, судалгаанд тулгуурлан үнэлэх шаардлагатай болжээ. Учир нь бэлчээрийн ачааллыг тохируулж, амрах хугацаа өгч, тухайн газар нутагт тохирсон ашиглалтын горим хэрэгжүүлж чадвал доройтсон бэлчээрийн дийлэнх нь байгалийн аясаар сэргэх боломжтой хэвээр байна.

Энэ талаар Азийн Хөгжлийн Банкны Уур амьсгалын өөрчлөлтийн асуудал эрхэлсэн ахлах мэргэжилтэн, доктор Ц.Энх-Амгалантай ярилцлаа.

Сонирхуулахад Азийн Хөгжлийн Банк Монгол Улсын баг нэг бүрийн, дөрвөн улирлын бэлчээр тус бүрийн доройтлын түвшинд дүйцсэн ашиглалтын горим, нөхөн сэргээх технологи ашиглах чадавх бүрдүүлэх ухаалаг менежментийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээр төлөвлөөд байгаа аж.Гэрэл зургийг Ц.Цэрэндолгор

- Бэлчээр гэж ерөнхий ярихаас илүү дата, судалгаан дээр тулгуурлаж ярих чухал үе иржээ. Манай улс бэлчээрийн асуудлыг хэр судалсан байдаг юм бол?

-Монгол Улсад бэлчээрийн төлөв байдлыг хянадаг хоёр том систем ажиллаж байна. 2015 оноос хойш олон улсын аргачлалын дагуу бэлчээрийн төлөв байдал эрүүл төлөвөөс хэрхэн өөрчлөгдөж, шилжиж байгааг бид шинжилж чаддаг болсон. Энэ систем нэвтрээд бараг 10 гаруй жил болж байгаа тул тэр хэрээрээ асар их мэдээлэл цуглуулж, дүн шинжилгээ хийсэн.

Гэвч энэ мэдээллийг малчдад, орон нутагт ажиллаж байгаа мэргэжилтнүүд, сум, аймгийн удирдлагууд, шийдвэр гаргагчдад хүргэж таниулах ажил удаашралтай байлаа.

Түүний хажуугаар 129.0 сая га өргөн уудам бэлчээр нутгийн төлөв байдлын өөрчлөлтийг хэр нарийвчлалтай харуулж байгааг судлах, нягтлах хэрэгцээ ч бий. Аймаг, сумдын мэргэжилтнүүдийн олон жилийн турш хийсэн дүн шинжилгээ, малчдын өөрсдийн ажиглалттай тулгаж үзэхэд бэлчээрийн төлөв байдлын шилжилтийн загвар буюу сэргэх чадавхын ангилал газар дээрх бодит нөхцөл байдалтай ихэнх тохиолдолд нийцэж байна. 

Энэ мэдээллийг малчдад, сумын удирдлага, мэргэжилтнүүдэд хялбар, цаг тухайд нь, өртөг зардал багатай аргаар хүргэж чадвал ихэнх доройтсон бэлчээрийг байгалийн аясаар сэргэх чадавхаа шавхахаас өмнө сэргээж болно.

- Малчин хүн бэлчээрийн талаарх датаг мэдчихвэл асуудалд арай өөрөөр хандах уу?

-Ямар ч малчин хүн бэлчээр ямар болохыг, нутаг нь хэрхэн өөрчлөгдөхийг, өнөө цэцэг ургамал нь өнөөдрийнх шигээ гарахгүйг мэддэг болчихвол асуудалд өөрөөр хандана. Мэдээж хэрэг дахин хэзээ ч сэргэхгүй болтол нь ашиглаж зүрхлэхгүй гэж би бодож байна. Яагаад гэвэл нэг удаа ашиглаад дуусгачихвал дараа улирал, дараа жил хаана очих вэ дээ. Зуд турхан тохиох, малын гоц халдварт өвчин гарах гэх мэт онцгой нөхцөл байдал үүсээгүй л бол сум, аймаг дамжин нүүх боломж тэр бүр хомс болчихлоо.

Өөр сум, баг, аймагт нутаг сэлгэж нүүлээ ч нутгийн малчид бас байгаа шүү дээ.

Малчин хүн төрсөн нутагтаа, мал сүрэг нь идээшиж дассан бэлчээртээ байх шиг жаргал гэж үгүй. Тиймээс бэлчээрээ сэлгэж амраагаад, даацыг нь тохируулаад олон жил ашиглах, цаашлаад үр хүүхэд, хойч үедээ үлдээх тухай малчин хүн бүр л бодож байгаа гэдэгт би итгэдэг.

- Ингэж чадвал бэлчээр өөрөө сэргээд ирнэ гэж мэргэжлийн судлаачийн хувьд үздэг байх нь, тийм үү?

-Зөвхөн би биш, олон улсын эрдэмтэд байгалийн аясаараа сэргэн ургах чадвартай бэлчээр нутгийг хадгалж ашиглах нь байгальд түшиглэсэн хамгийн шилдэг шийдэл гэдгийг дуу нэгтэй хүлээн зөвшөөрч байна.

Улс үндэстэн бүрийн нөхцөл байдлаас шалтгаалаад байгальд түшиглэсэн шийдэл харилцан адилгүй. Аж үйлдвэржсэн мал аж ахуй хөгжсөн орнууд бүгд таримал бэлчээртэй. Жил бүр асар их хөрөнгө оруулалт хийж цөөн төрлийн малын тэжээлийн ургамал тариалж байна шүү дээ.

Манай улсын хувьд байгалийн бэлчээрээ хадгалж үлдсэн улсын нэг. Газар нутгийн зонхилох экосистем нь бэлчээр буюу тал хээр. 

Олон зуун жилийн турш бэлчээрээ нүүж, сэлгэж ирсэн өвөг дээдсийнхээ уламжлалын ачаар байгалийн аясаар нөхөн төлжих чадвар нь хадгалагдаж үлдсэн. Бид үүнийгээ үнэлж, хайрлаж, бэлчээрээ сэлгэх уламжлалаа үргэлжлүүлэх ёстой юм.

- Байгалийн бэлчээр хүлэмжийн хийг хамгийн сайн шингээж, хадгалах чадвартай талаар COP17 хурлын үеэр ярьж байсан. Энэ судалгаагаар батлагдсан уу?

-Бэлчээрийн ургамлын төрөл зүйл олон байх тусам карбоныг шингээх, хадгалах хэмжээ нэмэгддэг. 

Энэ эрдэмтдийн судалж тогтоосон баримт шүү. Ургамлын төрөл зүйлээр баялаг байх хэрээр энэ чадвар нь сайжирч байдаг.

Хөрсний микробууд, мөөгөнцөр, экосистемийн инженер гэгддэг чийгийн улаан өт, шоргоолжнууд үүгээр түүгээр бужигнаж явахдаа л хөрсний карбон шингээлтийг нэмэгдүүлж, нянгийн үхдэл биомасс тогтвортой хадгалж нөөцлөх үйл явцыг дэмждэг нь тогтоогдсон байна.

- Таримал гэхээсээ илүү нутгийн унаган ургамлууд экосистемийг дэмжиж, карбоныг шингээдэг байх нь ээ?

-Байгалийн ургамлууд таримал ургамлаас нэлээн хэд дахин үндэсний биомасстай байдаг. Хөрсний гүний үндэсний систем карбоныг гүн рүү хадгалж, карбон алдагдах магадлал хэр их гүнд байгаагаас мэдээж хамаарна. Иймд байгалийн ургамлын үндэсний систем буюу хөрсний микроб биомасс ургамлын төрөл зүйл олон байх тусмаа карбоныг илүү тогтвортой хадгална.

Олон төрөл зүйлийн олон наст ургамлууд олон төрөл зүйлийн микро организмыг дэмжиж, хөрсний гүний карбон хуримтлал, хадгалалтыг дэмжиж байдаг.

Жил бүр байгалийн ургамлын үндэсний систем үхжиж, мөн тэр хэмжээгээрээ байгалийн жамаараа сэргэх процесс явагдаж байдаг. Энэ нь хөрсөнд их хэмжээний ялзмаг, органик нэгдэл үүсгэнэ. Амьд үндэсний системийн үйлчлэл мөн хөрсний органик нэгдлийн үүсэл, хуримтлагдах хэмжээнд эерэгээр нөлөөлнө. Үндэснээс үүссэн хөрсний органик карбон хүчилтөрөгчийн урвалд орохгүй, яагаад гэвэл хөрсний гүнд хадгалагдаж байгаа учраас.

Эсрэгээрээ бэлчээрийг эрчимтэй ашиглаж, бордоо, пестицид хэрэглэх нь ургамлын төрөл зүйл, хөрсний органик нэгдэл, бүтцэд өөрчлөлт оруулж, карбон шингээлтийг бууруулан, хэдэн зуун сая жилийн турш хөрсний гүн рүү шингэн хадгалагдсан карбон алдагдах эрсдэлтэй. Хөрсийг боловсруулах үед хөрсний органик карбон нүүрстөрөгчийн давхар ислийн төлөвт шилжиж, агаар мандалд цацагдана.

- Манай тал хээр ер нь хэр том талбайг хамардаг юм бэ?

- Миний дээр дурдсан бэлчээрийн төлөв байдлын мониторингийн 10 жилийн тоо мэдээн дээр хийсэн дүн шинжилгээ, газар дээр нь эрдэмтдийн хийсэн олон туршилтын ажлууд нэг л зүйлийг баталдаг. 

Энэ бол доройтсон бэлчээрийн дийлэнх хувь нь ачааллыг тохируулж, амрах хугацаа өгвөл эргээд байгалийн аясаар сэргэх чадвартай хэвээрээ байгаа гэсэн судалгааны үр дүн юм.

Монголын 129.0 сая га бэлчээр нутаг дэлхийн сэрүүн хээрийн тал хээрийн системийн ойролцоогоор 12 хувийг бүрдүүлж байна. 

Уур амьсгалын бүсчлэлээр нь Өмнөд, Зүүн Африк, Сахалийн цөл, Мексикийн хойд тал, АНУ-ын баруун өмнөд бүс нутгийн бут сөөг, үетэн өвст холимог хээр, Эквадорын ойролцоох халуун бүсийн хээр, Хойд Америкийн намагт хээр, Евроазийн сэрүүн хээр, Андын нуруу, Өмнөд Америкийн завсрын хээр гэж ангилдаг байна. 

Монголын тал хээрийн бэлчээр нутаг Евроазийн сэрүүн хээрийн томоохон төлөөлөл юм.

- Тэгвэл манай бэлчээр нутаг хэр их карбоныг шингээж байдаг юм бол?

-Энгийн тооцоолол хийж үзэхэд дэлхийн хуурай гадаргын хөрсөнд хадгалагдаж буй хүлэмжийн хийн 34 хувь хээрийн бүст ногдож байна гэвэл 3 хүртэлх хувийг нь Монголын хээр нутгийн хөрс агуулж байна гэж үзэж болно. Манай Монголтой ижил төстэй бэлчээр дээр хийсэн маш олон судалгааны материалаас үзэхэд ийм нэг барагцаа тоо гарсан.

Доройтсон бэлчээр жилдээ 1 га тутмаас 0.5-1.5 тонн хүлэмжийн хий алдаж байдаг бол сэргээсэн бэлчээрийн 1 га тутам нь экологийн бүсээсээ хамаараад 0.3-аас 1.235 тонн хүлэмжийн хий шингээж байдаг гэсэн дүгнэлт гарсан байдаг.

Харин Монголын нийт бэлчээрийн онолын боломжийг тооцвол жилд 37.5–125 сая тонн нүүрсхүчлийн хийтэй дүйцэх хэмжээний нүүрстөрөгч шингээх боломжтой. 

Бэлчээр ашиглалтыг сайжруулах, ургамлын төрөл зүйлийг сэргээн сайжруулж, бага өртөг зардлаар карбон шингээлтийг нэмэгдүүлэх байгальд түшиглэсэн шийдлийг /Nature Based Solutions – NBS/ дэлхийн улс орнууд, олон улсын байгууллагууд дэмжиж байна.

- COP17 хурлын үеэр карбон кредитийн талаар нэлээд ярьсан. Зах зээл дээр үнэлүүлэх нь хэр төвөгтэй ажил вэ?

-Үүнийг карбон кредит болгоод шууд зарна гэж хэрхэвч ойлгож болохгүй.

Ямар түвшинд доройтсон бэлчээрийг ямар аргаар сэргээсэн, өмнө нь ямар байсан, сэргээсний дараа хөрсний нүүрстөрөгчийн агууламж хэр нэмэгдсэнийг олон жил хэмжиж, маш нарийн түвшинд баталгаажуулах шаардлагатай.

- Та байгалийн бэлчээрийн тухай уйгагүй ярьж байгаа судлаач шүү дээ. Та яагаад энэ сэдвийг ийм гүнзгий судлах болов?

-Би энэ нутагт бүрэлдэж, төрж өссөн монгол хүн шүү дээ. Байгаль хангайдаа ойр өссөн, багын амьтдад хайртай хүүхэд байлаа. Тэр сайхан нутаг бэлчээр нүдэн дээр доройтож байгааг нь хараад тус болчих санаатай л энэ бүх ажлыг хийдэг. Бараг л 15 жил энэ талаар судалж, ярьж, бичиж байна даа.

Манай нутагт голын эхэнд байрладаг, нутгийнхны тахиж ирсэн нэг овоо бий. Өвөг дээдэс маань хэдэн зуун жилийн өмнөөс тахиж ирсэн гэдэг. Үүний цаад утга нь нутаг усаа хүндэлж хамгаалаарай гэсэн захиас юм. Өнөөдрийн бид уламжлалт мэдлэгээ шинжлэх ухаан, тоон мэдээлэл, хөрөнгө оруулалттай хослуулж авч явах хэрэгтэй байна.

- Бэлчээрт хөрөнгө оруулснаар сэргэх боломжтой юу?

-Мэдээж боломжтой. Гэхдээ “Манай бэлчээр доройтсон учраас хөрөнгө оруулалт хэрэгтэй” гэж ерөнхий ярих хангалтгүй. Хөрөнгө оруулагчдад “энэ сумын ийм хэмжээний бэлчээр доройтсон, ийм арга хэмжээ авахад ийм хөрөнгө шаардлагатай, үр дүнд нь ургамлын бүрхэвч болон хөрсний нүүрстөрөгч төдий хэмжээгээр нэмэгдэнэ” гэж харуулах ёстой.

Газрыг байгалийн капитал гэж үзээд нөөц, ашиглалт, сэргээх боломжийг нь мэдээллээр гаргаж өгөхгүй бол хөрөнгө оруулагч шийдвэр гаргаж чадахгүй. Ямар үр дүн гарах нь тодорхойгүй зүйлд хэн ч хөрөнгө оруулахгүй. Тиймээс нөхөн сэргээлтийн ажил маань тухайн газартаа тохирсон, хэмжиж болох үр дүнтэй байх хэрэгтэй.

- Үргэлж шинэлэг, сонирхолтой мэдээлэл хүргэдэг танд уншигчдынхаа өмнөөс талархал илэрхийлье.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.