Н.Болортуяа
04 сарын 22, 2022
Бүх юмыг дандаа сөрөг талаас нь хардаг хүмүүс байдаг, тээ? Заавал болж бүтэхгүй, сул талыг нь хамгийн түрүүнд олж хардаг. Асуудал байгааг өөрөө зөнгөөрөө мэдрээд байгаа мөртлөө түүнийгээ хүлээн зөвшөөрөхөөс айдаг.
Эсвэл цуу үгэнд итгэж асуудалд ханддаг, “хүмүүс харин тэгж яриад байх юм” гэж ирээд дэл сул, эзэнгүй ярианд гүн бат автчихсан. Зөв гаргалгааг нь хэлээд өгөхөөр итгэж ядаад, тэгсэн хэрнээ өөрт нь шийдэл байхгүй, учирлаж хэлээд ч эерэг хандлага авдаггүй нэг тийм яаж ч болдоггүй хүмүүс байдаг, тээ.
Ийм төрлийн хүмүүс ерөөсөө хөгждөггүй, яг байсан байрандаа ярьдаг юмаа ярьсаар, цаг хугацаанд буруу өгсөөр явдаг. Харин ийм хүмүүсийн яг эсрэг янзын өөдрөг хүмүүс бас байх юм.
Ойрхон амьдардаг хоёр хүнийг нэг газар зэрэг ажилд оруулахад нэг нь хол байна гээд удалгүй ажлаасаа гарчихсан байхад нөгөөх нь дугуй худалдаад авчихсан, ажлаа хийгээд жирийж байх юм. Үнэн дайчин.
Ховдын хязгаарт насаараа амьдарч, хот суурин руу ховорхон орж үзсэн 70 дөхөж яваа танил ах “Ах нь Америкад ирээд тракинд ороод компани байгуулсан, амьдрал сайхан байна аа, дүү минь” гээд инээд алдаад явж байх юм. Үнэн өөдрөг.
Насны багад хэл сураагүй ч одоо оройтохгүй сурна аа гээд ном сураглаж явсан үеийн бүсгүй жилийн дараа “Найз нь бие дааж хэлээ үзээд, магистрт тэнцээд орсон. Одоо хичээлийнхээ хажуугаар Америк компанид оффис менежер хийж байгаа” гээд завгүй жавхалзаж явах юм. Үнэнхүү зүтгэлтэй.
Болохгүй, бүтэхгүй гээд хойшоо суулгүй болно оо, зүтгэнэ ээ гээд явдаг өөдрөг хүмүүс ч сайхан шүү. Тийм хүмүүсийн заяа нь хүртэл цуг хичээх юм. Хийх хүнд боломж, хийхгүй хүнд шалтаг олддог гэж юутай үнэн.
Үргэлж асуудлыг эерэг талаас нь хардаг хүмүүс уулзахад хүртэл урамтай. Тийм хүмүүс заавал үр дүнд хүрсэн, өөрчлөлтийг мэдэрсэн, бусдад үйлдлээрээ үлгэр жишээ болсон байдаг.
Өөдрөг байна аа хэдүүлээ..,
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.