О.Цэцэгбал: Хүүхдээ ханиад хүргэнгүүт эмнэлэг рүү гүйх шаарлагагүй

Ханиад томуу, томуу төст өвчний дэгдэлт өндөр байгаатай холбогдуулан Боловсролын сайдын эрүүл мэндийн боловсролын асуудал хариуцсан зөвлөх О.Цэцэгбалтай ярилцлаа. Тэрбээр хүүхдийн өвчлөл, дархлааны онцлог болон гэрийн арчилгааны зөв практикийн талаар дараах зүйлсийг онцлон зөвлөлөө.


Ханиад, томуу туссан үед хүүхдүүдээ аль болох гэрт нь эмчлэх хэрэгтэй. Дэлхий нийт вирусийг устгадаг эм, тариаг өнөөдрийг хүртэл бүрэн гаргаж чадаагүй. Нэгэнт устгаж чадахгүй юм бол бид эмнэлэг рүү очоод яг юу хийлгэх гээд байгаа юм бэ? Антибиотик бол вирусийг огт устгадаггүй гэдгийг эцэг эхчүүд маш сайн ойлгох ёстой.

Үүнээс гадна ЭМЯ-ны мэдээлснээр одоогоор ганц биш, дөрөв таван төрлийн вирус зэрэг дэгдэж байна. Тиймээс таны хүүхэд нэг вирусээр өвдлөө гэхэд эмнэлэгт очиж олон өвчтэй хүүхдийн дунд аваачна гэдэг нь өөр төрлийн вирус халдаах эрсдэлийг бүр нэмэгдүүлж байгаа юм. Ингэж дахин дахин халдвар авах үндэслэл бий болдог.

Томуугийн вирусийг дарах үндсэн хүч нь хүний суурь дархлаатай холбоотой. Тиймээс “дархлаа сайтай хүн бага өвдөнө” гэж ярьдаг шүү дээ. 

Бичлэг үзэх:

 


Манай улсад эрүүл мэндийн боловсрол харьцангуй сул учраас элдэв нэмэлт бүтээгдэхүүн, витамин, дусал зэрэгт хүмүүс хэт их найдаж байна. Тухайлбал инфлүүнсерүүдийн мөнгө авч сурталчилж буй бүтээгдэхүүнүүдэд итгээд, “үүнийг уувал дархлаа сайжирна”, “дусал хийлгэвэл дархлаа шууд нэмэгдэнэ” гэж ойлгож болохгүй.

Дархлааг сайжруулахад хамгийн чухал нь гурван зүйл нь:

Цэвэр агаар, нартай үед гадаа байлгах, тоглуулах

Нойр- бүтэн, гүн нойр авхуулж хэвшүүлэх

Мөн бага насны хүүхдүүд буюу 5-р ангиас доош насныхан 21 цаг гэхэд орондоо орж унтаж байх ёстой. Хүүхдээ эрт унтуулж, сайн чадахгүй байгаа эцэг эхчүүд ханиад хүрсэн шалтгааныг гаднаас хайгаад хэрэггүй. Шуудхан хэлэхэд энэ бол эцэг эхчүүдийн анхаарал халамж, арчилгааны асуудал юм шүү. 

Ус, бүлээн шингэн уух  

Чихэрлэг ундаа, жүүс биш, цэвэр ус хангалттай уулгах хэрэгтэй.  

Ус бол дархлааны тэжээл. Харин эмийн сангийн чихэрлэг сироп, өнгөтэй амттай эмүүд дархлааг дэмжих бус заримдаа унагаж ч болдог.
Хүүхдийн халуун 38.5°C хүрээгүй үед халуун бууруулах эм өгөх шаардлагагүй. 38.5-аас дээш гарвал хувцсыг нимгэлэх, чийгтэй алчуур тавих гэх мэт ардын энгийн аргуудыг эхэлж хэрэглэж болно. Халууныг буулгах гэж хэт яарах тусам ханиад ужгирах эрсдэлтэй. 

Зарим тохиолдолд хүүхэд нэг удаа “сайн” халуураад давчихвал хурдан эдгэх нь бий. Гол нь шингэнийг нь сайн нөхөж, таталт өгөх хэмжээнд хүргэхгүйгээр зөв хянах нь чухал.

Мөн бүх насныханд тохирох дархлааны хамгийн хүчтэй дэмжигч нь хөдөлгөөн. Хөдөлж байж бие эрч хүчээ нөхдөг, булчин ядарч байж тархи амардаг. Хөдөлгөөнгүй удахаар бодисын солилцоо удааширч, тархи ч зөв ажиллахаа больдог.

Түүнчлэн манай нийгмийн хамгийн том асуудлын нэг нь мэдээллээ буруу эх сурвалжаас авах явдал. Жишээ нь миний аав 74 настай, вакцин хийлгэдэггүй. “Хор шахуулж яадаг юм” гэж хэлдэг. Сошиал сүлжээнээс авсан мэдээллээ хамгийн үнэн гэж бодоод, мэргэжлийн хүнээс лавлах ч үгүй байгаа нь түгээмэл хандлага шүү дээ. 

ЭМЯ, ХӨСҮТ гэх мэт мэргэжлийн байгууллагууд бол бодит мэдээллийн гол эх сурвалж гэдгийг ойлгодог байгаарай. Энгийнээр бодоход вакцин гэх нэрээр зардал гаргаад “хор” хийгээд явдаг завтай хүмүүс дэлхий дээр хаана ч байхгүй шүү дээ. Энэ бол сошиал дахь ташаа мэдээллийн үр дагавар.

Тиймээс эрүүл мэндийн байгууллагуудын хаягийг дагаж баталгаатай эх сурвалжаас мэдээлэл авч байх хэрэгтэй гэж хүсэж байна.

Сэтгэгдэл бичих (2)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.