ВАШИНГТОН. /CNN/. Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас Хималайн мөсөн голууд хурдацтайгаар хайлж байгааг АНУ-ын Колумбийн их сургуулийн мэргэжилтнүүдийн явуулсан судалгааны дүн харуулжээ.

2000 километр урт, 600 тэрбум гаруй тонн мөс бүхий Хималайн мөсөн голууд 800 сая орчим хүнийг газар тариалангийн усалгаа, усны эрчим хүч, ундны усаар хангадаг байна. 

Харин энэ зуун гарсаар мөсний хэмжээ жил тутам 50 сантиметрээр багассаар байгааг 1975-2000 оны үеийнхтэй харьцуулахад хоёр дахин хурдассан гэж Колумбийн их сургуулийн судлаачид хэлжээ. 

Саяхан мөсөн голуудын 8 тэрбум тонн мөс нэг жилийн дотор хайлсан нь Олимпын наадмынхтай ижил хэмжээний 3.2 сая ширхэг усан сантай тэнцэх аж. Үүнээс харахад мөсөн гол хайлах нь Азийн олон сая хүний усны хангамжид аюул учруулах төлөвтэй байна.

Судлаачид Энэтхэг, Хятад, Балба, Бутанд явуулсан хиймэл дагуулын ажиглалтыг хянахад Хималайн мөсөн голууд 2000 оноос хойш хурдацтай хайлж эхэлсэн байжээ. Энэ нь тус бүс нутгийн агаарын дундаж температур Цельсийн 1 хэмээр нэмэгдсэнтэй холбоотой ажээ. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг