Иргэд зам товчлох, цаг хожих зэргээр гол мөрний мөсөн дээгүүр мал тууварлаж, тээврийн болон ердийн хэрэгсэлтэй зорчих тохиолдол гардаг. Гэтэл гол мөрний мөсний зузаан харилцан адилгүйн улмаас мөс цөмөрч, улмаар амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирох тохиолдол гарч байна.

Тухайлбал энэ сарын 15-ны өдрийн байдлаар  Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшиг багийн “Хадтай сэрүүн булаг” гэдэг газар Хадтай амралтын газраас Улаанбаатар хотын чиглэлд Туул голын мөсөн дээгүүр зорчиж явсан суудлын автомашин цөмөрч усанд суужээ. Дуудлагаар НОБГ-ын Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн  алба хаагчид ажиллан, иргэн О-ийн эзэмшлийн “Агила терефорт” загварын 5 зорчигчтой суудлын автомашиныг татан гаргасан ажээ.

Иймээс цаашид мөсний зузаарлын эрчим буурч мөс хэврэгших тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байх, бага насны хүүхдийг гол, мөрөн, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байхыг анхаарууллаа. Мөн аж ахуйн нэгж, байгууллагууд амралт зугаалгын арга хэмжээ зохион байгуулахгүй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.