Хөл хориотой өдрүүдэд гэр бүлийн хүчирхийлэл илүү далд, нууц байдалд орчихсон байх вий гэдэгт санаа зовж байна

ХЭҮК-ийн гишүүн Х.Мөнхзултай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Хөл хорио тогтоосноос хойш манай улсад хүний эрхийн зөрчил хэчнээн бүртгэгдээд байна вэ?

-Комисст 2020 он гарснаас хойш нийт 670 орчим гомдол ирсний 68 нь Kовид 19 тэй холбоотой гомдол байна. Kовидтой холбоотой нийт ирсэн гомдлын утгийг харахад гадаадаас эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийн асуудал тэр дундаа Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгийг үйлдэхгүй болсонтой холбоотой иргэд амь нас, эрүүл мэнд, сэтгэл санаа, санхүүгийн байдлаараа хохирсон асуудал, Улаанбаатар хотоос хөдөө орон нутаг руу зорчих, орон нутгаас нийслэл Улаанбаатар хот руу зорчих иргэдийн хөдөлгөөнийг хязгаарласантай холбоотой, мөн тусгаарлах байруудтай холбоотой  гомдол зонхилж байна. 

Эдгээр гомдолд дурдсан асуудлыг шийдвэрлүүлэх хүрээнд Комисс улсын онцгой Комисст одоогоор 2 зөвлөмж, 1 санал хүргүүлээд байна. 

Түүнчлэн Комисс иргэдээс гомдол гаргахыг хараад суух биш гарч буй хүний эрхийн анхаарал татсан асуудлаар мэдээлэл цуглуулж, дүн шинжилгээ хийж, зарим асуудлыг газар дээр нь шийдүүлээд явж байна. 


-УОК, Засгийн газраас цар тахалтай үед авч хэрэгжүүлж байгаа зарим арга хэмжээ нь хүний эрхийг тодорхой хэмжээнд хязгаарладаг юм байна гэдгийг иргэд ухамсарлаж байна. Гагцхүү хуулийн хүрээнд ямар түвшинд иргэдийн эрхийг хязгаарлахаар тусгасан байдаг вэ?

- Дэлхий даяар коронавирусийн халдвар тархаж, хүний амь нас, эрүүл мэндэд аюул занал учруулж, улс орнууд хүний эрхийг тодорхой хэмжээгээр хязгаарласан бодлого шийдвэр гаргаж байна. Гэтэл зарим улс орнууд хүний эрхийг хэт их хязгаарлаж, ухралт хийсэн тохиолдол ч гарч байна. 

Манай улс боломжийнхоо хэрээр үйл ажиллагаагаа явуулж байгаа хэдий ч зайлшгүй анхаарах ёстой хүний эрхийн асуудал байсаар байна. Ялангуяа цар тахалтай тэмцэх хуулиар хүний эрхийг ямар тохиолдолд хязгаарлах вэ гэдгийг тодорхой тусгаж өгсөн боловч бодит байдал дээр үр дүнтэй хэрэгжиж чадахгүй байна. Хууль болон хүний эрхийн Олон улсын гэрээгээр тодорхой тохиолдолд хүний эрхийг хязгаарлаж болох үндэслэлийг зааж өгсний нэг нь нийтийн эрүүл мэндийн үүднээс хүний эрхийг хязгаарлах явдал юм. Гэхдээ төрөөс  хүний эрхийг хязгаарлахдаа хэн нэгэн албан тушаалтны хүсэл зоргоор хийгддэг зүйл биш ээ. 

Хүний эрхийг хязгаарлахад нэгдүгээрт  хязгаарлалтыг зөвхөн хуулиар тогтоосон байх ёстой өөрөөр хэлбэл хүний эрхийг зөвхөн хуульд заасан үндэслэлээр хязгаарлана, хоердугаарт хэмжээ хязгаартай байх, өөрөөр хэлбэл цаг хугацааны хувьд  ч ямар хугацаанд хэдий хэрээр хязгаарлах бэ гэдэг тодорхой байх, цар тахал цуцлагдвал хязгаарлалт үргэлжлэх ёсгүй гэсэн үг, гуравдугаарт зөвхөн нийтийн эрүүл мэндийг хамгаалах үүднээс гэсэн зорилготой байх, энэхүү зорилгыг биелүүлэхэд гарцаагүй шаардлагатай л арга хэмжээг л авах ёстой. 

Тухайлбал коронавирусийн голомттой аймаг, хотоос ирсэн иргэдийг гэрийн тусгаарлалтад оруулахдаа хашааны үүд, хаалган дээр нь тусгаарлалт гэх томоос том пайз наасан жишээн дээр тайлбарлахад тухайн арга хэмжээ  үнэхээр цорын ганц хамгийн үр дүнтэй, арга хэмжээ байсан уу үгүй юу, бүр байг гэхэд цагдаагийн байгууллагын алба хаагчид хяналт тавих юм уу эсвэл техник технологи хөгжсөн үед олон төрлийн апплекейшн ашиглаж хянах бүрэн боломж байсан уу? Өөрөөр хэлбэл өөр хяналт тавих боломжгүй, цорын ганц арга хэмжээ байсан юм гэдгээ тухайн арга хэмжээг авч буй албан тушаалтан нотлох шаардлагатай.  Дөрөвдүгээрт хязгаарлалтын арга хэмжээ, үр дүн тэнцвэртэй байх шаардлагыг хангасан байх ёстой. 


-Эдгээр өдрүүдэд УОК, Засгийн газраас гаргасан хүний эрхийн мэдрэмжгүй шийдвэрүүдийн уршгаар сэтгэл санаа, эд хөрөнгөөрөө хохирсон иргэд цөөнгүй бий.  Тухайлбал тусгаарлалтад гэсэн бичиг наасан айлын цонх руу чулуу шидэж хагалсан байсан.  Ээжээс нь коронавирусийн халдвар илэрсэн хүүхдүүдийг гэрт нь оруулахгүй байраараа үзэн ядаж, ялгаварлан гадуурхсан.  Энэ мэтчилэн эрхээ зөрчүүлсэн иргэд танай байгууллагад гомдол гаргах, шийдвэрлүүлэх боломж бий юу?

- Боломжтой. Олон улсын гэрээ конвенцод заасан  болон Монгол Улсын Үндсэн хуульд заасан таны эрх, эрх чөлөө зөрчигдсөн гэж үзэж байгаа бол ХЭҮК-т гомдол гаргах эрх нь нээлттэй байгаа. 

Бид иргэдийн гомдлыг хүлээн авч 2 талаас тайлбар авах зэргээр тодорхой ажиллагааг явуулж хүний эрх зөрчигдсөн бол  Комиссын гишүүний шаардлага, зөрчигдөж болзошгүй нөхцөл байдал үүссэн бол гишүүний зөвлөмжийг аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтанд хүргүүлж ажилладаг. 

Комиссын гишүүний шаардлага, Зөвлөмжийг хүлээж авсан байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан заавал биелүүлэх үүрэгтэй. Хэрэв биелүүлээгүй бол дараагийн шат шатны арга хэмжээг авч хэрэгжүүлдэг. 


-Хоёр хоногийн өмнө Архангай аймгаас ирсэн иргэний биеийн байдал муудаж PCR шинжилгээний хариу байхгүй гэдэг үндэслэлээр хотынхоо үүдэнд амь насаа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Энэ асуудал дээр та ямар байр суурьтай байна вэ? 

-Бүх нийтийн бэлэн байдлын хөл хориог сахиулж байгаа арга ажиллагаанаас хүний амь нас хохирсон явдлыг ямар ч үндэслэлээр зөвтгөж болохгүй. Энэ бол хүний эрхийн зөрчил, гэмт хэргийн шинжтэй үйлдэл юм. 

Цар тахлын энэ үед хуульд заасан үндэслэлээр хүний зарим эрхийг хязгаарлах боломжтой боловч хүний амьд явах, эрүүл мэндийн нэн шаардлагатай тусламж үйлчилгээ авах эрхийг хангахад тэргүүлэх ач холбогдол өгөх ёстой. 

Бид хүний амь хохирсон асуудлаар холбогдох байгууллагаас мэдээлэл, баримт авч байна. Ийм үйлдэл дахин гарахаас урьдчилсан сэргийлэх боломжтой бүх арга хэмжээг авах ёстой, бид энэ талаар холбогдох байгууллагад зөвлөж, шаардлагатай бол хатуу арга хэмжээ авна.Бүх нийтийн бэлэн байдлын хөл хориог сахиулж байгаа арга ажиллагаанаас хүний амь нас хохирсон явдлыг ямар ч үндэслэлээр зөвтгөж болохгүй. Энэ бол хүний эрхийн зөрчил, гэмт хэргийн шинжтэй үйлдэл юм. 

Цар тахлын энэ үед хуульд заасан үндэслэлээр хүний зарим эрхийг хязгаарлах боломжтой боловч хүний амьд явах, эрүүл мэндийн нэн шаардлагатай тусламж үйлчилгээ авах эрхийг хангахад тэргүүлэх ач холбогдол өгөх ёстой. Бид хүний амь хохирсон асуудлаар холбогдох байгууллагаас мэдээлэл, баримт авч байна. Ийм үйлдэл дахин гарахаас урьдчилсан сэргийлэх боломжтой бүх арга хэмжээг авах ёстой, бид энэ талаар холбогдох байгууллагад зөвлөж, шаардлагатай бол хатуу арга хэмжээ авна.


- Иргэдийн ч бас хүний эрхийн талаарх боловсрол дулимаг байгаа нь цахим орчинд өрнөж байгаа маргаан, үзэн ядалт, зарим нэг үйлдлүүдээс тодорхой харагдаж байна л даа?

- Энэ цаг үед нийтийн эрүүл мэндийн үүднээс хэвийн амьдралаа явуулж байсан иргэдийн зарим эрхийг хязгаарлах болсон нь зарим талаар иргэдэд стресс бухимдлыг төрүүлж  байгаа нь үнэн.

Цар тахлын үед хүний эрхийг зөрчих, нэр төрд нь үндэслэлгүйгээр халдах, гутаан доромжлох, ялгаварлан гадуурхах явдал хэрхэвч байж болохгүй. Нөгөө талаар төрөөс хүний эрхийн хязгаарлалт тогтоосон шийдвэрүүд эргэлт буцалтгүй, тодорхой, ойлгомжтой байх шаардлагатай байна.  ХЭҮК-ийн чухал чиг үүргийн нэг хүний эрхийн талаарх иргэдийн мэдлэг, ойлголт боловсролыг дээшлүүлэхэд анхаарч ажиллаж ирсэн. Цаашид ч хүний эрхийн боловсролыг бүх шатанд түгээн дэлгэрүүлэхэд анхаарч ажиллана. 

Ялангуяа сургуулийн өмнөх, ерөнхий боловсрол, их дээд сургуульд суралцаж байгаа хүүхдүүдийн нас насны онцлогт тохирсон хүний эрхийн боловсролын олгох хөтөлбөрүүдэд дүн шинжилгээ хийх шаардлагатай байгаа.  


- Хатуу хөл хорио тогтоосон өдрүүдэд жендерт суурилсан гэр бүлийн хүчирхийлэл түлхүү үйлдэгддэг талаар судалгаа гарсан. Манай улс энэ нөхцөл байдал ямар түвшинд байна вэ?

-Гэр бүлийн хүчирхийлэл нууц, далд хэлбэрээр үйлдэгддэг. Давтагдах тусмаа даамжирч, даамжрах тусмаа арга нь нарийсан улам далд хэлбэрт ордог ийм онцлогтой.  Хатуу хөл хорио тогтоосноос хойш статистик тоон мэдээллээс харахад тус гэмт хэрэг, зөрчилтэй холбоотой дуудлага мэдээлэл буурсан үзүүлэлттэй байгаа. Гэсэн хэдий ч хөл хорио тогтоосон эдгээр өдрүүдэд гэр бүлийн хүчирхийлэл илүү далд хэлбэрт, нууц байдалд шилжчихсэн байх вий гэдэгт санаа зовж байна. 

Гэр бүлийн хүчирхийллийн хэрэг, зөрчил хохирогчийн мэдээллээр ил болдог. Мөн Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй мэдээллийг хөршүүд өгдөг. Тэгтэл Гэр бүлийн хүчирхийллийн дуудлагаар очоод цагдаагийн ажилтан дуудлага өгсөн  хүний нууцлал болон мэдээлэгчийн нууцлалыг задруулах, дуудлага өгсөн хүнийг эргээд буруутгаж,  торгох арга хэмжээг авдаг нэлээдгүй  жишээнүүд сошиал дээр гарч байгаа ба энэ нь гэр бүлийн хүчирхийллийг иргэд мэдээлдэггүй, нуугдмал болоход нөлөөлж байна гэж харж байгаа. Иймд энэ асуудлаар УОК-д зөвлөмж хүргүүлээд байна.

-Хөл хорио тогтоосон өдрүүдэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн 14 хоног баривчлуулсанд өс санасан нөхөр нь саатуулагдаад гарч ирсэн өдрөө эхнэрийнхээ амь насыг хөөсөн харамсалтай хэрэг гарлаа шүү дээ?

-Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой хууль эрхзүйн орчин нэг үеэ бодвол харьцангуй сайжирсан. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг 2017 онд шинэчлэн баталж, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хохирогчийг хамгаалах тогтолцоог нь бүрдүүлж өгсөн. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн иргэнд Зөрчлийн тухай хуулиар болон Эрүүгийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэж байна. Гэсэн хэдий ч хуулийн хэрэгжилтийг сайжруулах зүйлүүд байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулиар олон байгууллагад урьдчилан сэргийлэх чиглэлээр үүрэг хүлээлгэсэн нь боловч, эдгээр байгууллагууд уялдаа холбоотой ажиллах тал дээр засаж сайжруулах зүйлүүд байгаа нь Комиссын хяналт шалгалтаас харагдаж байна.  

Тухайлбал Цагдаагийн байгууллагад гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл ирэхэд энэ талаарх мэдээллийг гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх хамтарсан багт мэдэгддэггүй гм зөрчил дутагдлууд байна. 

Цаашид хамтарсан багийг үйл ажиллагааг дэмжих, түүнийг удирдаж буй   Засаг дарга нарын үүрэг хариуцлагыг өндөржүүлэх шаардлагатай байна.  Мөн хуулийн хариуцлага үр дүнгүй байгааг дээрхи жишээ харуулж байна. 

Гэр бүлийн хүчирхийллийн хохирогч нөхрөө шийтгүүлээд хориод өгөөч цагдаад өгөөч гэж хүсдэггүй хууль хүчний нөлөөн дор миний нөхөрт ойлгуулаад өгөөч л гэж хүсдэг. Гэтэл манай одоогийн хууль эрхзүйн тогтолцоогоор хүчирхийлэл үйлдэгчийн үйлдэлтэй тэмцээд байгаа болохоос биш, үзэл хандлагатай нь тэмцэх асуудалд бид анхаарах шаардлагатай байна. 

-Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн иргэдийг түр хугацаанд саатуулахдаа элдэв төрлийн сургалтад албадан хамруулдаг. Гэсэн хэдий ч энэ сургалт хэр үр дүнтэй байна вэ. Үр дүн сайн байсан бол саатуулагдаад гарсан хүн эхнэрийнхээ аминд хүрэхгүй байсан болов уу гэж бодогдох юм?

-Таны хэлсэнчлэн албадан сургалтад хамруулдаг. Хэрэв Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж байгаа бол тус сургалтыг цагдаагийн байгууллагаас хариуцан явуулдаг бол Эрүүгийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэсэн бол ШШГЕГ хариулахаар зүйлчилсэн. Гэтэл  ХЭҮК-оос гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн иргэдэд явуулдаг албадан сургалтын үр дүнгийн талаар хяналт шалгалт явуулахад нэгдүгээрт, сургалт явуулах зориулалтын байр алга. 

Хоёрдугаарт, албадан сургалт явуулах мэргэжлийн ажилтан байхгүйн улмаас сургалт үр дүн муутай, хүртээмжгүй байгаа нь тогтоогдсон. Уг нь энэ сургалт чанартай байх ёстой. Тэгтэл мэргэжлийн, мэрэгшсэнсэтгэлзүйч орох ёстой сургалтыг цагдаагийн байгууллагын ажилтан, ШШЕГ-ын ажилтан орж байгаа нь нэр төдий л асуудал болж байна. Түүнчлэн сургалтын үр дүнг тооцоод эргээд хариуцлага хүлээлгэдэг тогтолцоо байхгүй учраас хэн ч үр дүнд анхаарахгүй байна. 

Өнөөдөр явагдаж байгаа сургалтыг харахад гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой мэдээллийг л өгч байна. Гэтэл тухайн хүчирхийлэл үйлдэгчийн зан үйлд нөлөөлнө гэдэг бол мэргэжлийн хүн л хийх ажил. 

Үнэхээр сургалт явуулах боловсон хүчин байдаггүй юм бол энэ чиглэлээр мэргэшсэн ТББ-тай гэрээ хийгээд ч болов үр дүнтэй явуулах боломж байгаа гэж боддог. Би өмнө ч бас хэлсэн хохирогч юу хүсдэг вэ гэхээр нөхөрт маань ойлгуулаад, ухамсарлуулаад өгөөч гэдгийг хүсдэг. Гэтэл бид зүгээр баривчлан шийтгэдэг. Энэ нь асуудлыг улам дэвэргэж, хүчирхийлэл үйлдэгч улам өсөрхөөд гардгийн бодит жишээ Сүхбаатар аймагт гарсан харамсалтай хэрэг юм.


-ХЭҮК-ийн гишүүд ажлаа хүлээж аваад удаагүй байгаа. Богино боловч энэ хугацаанд ямар ажил хийв?

- Комиссын гишүүд 11 сарын 18 наас ажлаа хийж эхэлснээс Ковидын тухай хуульд зааснаар цар тахалтай холбоотой хүний эрхийн асуудалд дүн шинжилгээ хийж ажиллаж байна. Тухайлбал, Хүүхэд хамгааллын хамгаалах байр, түр хамгаалах байр болон цагдан хорих, баривчлах байруудад ажиллалаа. 

Мөн коронавирусийн шинжилгээ авах байрууд болон Өлзийт, Налайх, Бага хангай зэрэг шалган нэвтрүүлэх постуудад ажилласан. Ингээд бид УОК, Засгийн газарт хүний эрхийн асуудалд анхаарал хандуулж ажиллах холбогдол зөвлөмжүүдийг хүргүүлсэн.  ХЭЗК-оос хүний эрхийн зөрчил гарсны дараа дуугардаг биш хүний эрхийн зөрчил гарахаас өмнө урьдчилан сэргийлж ажиллахыг зорилтоо болгож байна. 

Тиймээс ч УОК-т орж ажиллах хүсэлт илгээгээд байна.