Дуучин Лана Дел Рэй Lust for Life гэх шинэ цомгоо өнгөрсөн оны долдугаар сарын 21-нд гаргасан билээ. Тус цомог 16 дуунаас бүрдэж, Weeknd-тэй хамтран дуулсан Lust for Life дууг хамгийн эхэлж клиптэй болгосон юм. 

Энэхүү дууны клипэнд Лос Анжелес хотын алдарт Холливуд гэсэн бичиг рүү нэгэн бүсгүй авирч, эцэст нь тэндээсээ үсэрч байгаа тухай гардаг. Бүсгүйг дээш гарахад хайртай залуу нь хүлээж байдаг. Харин доош унахад нь дээр үлддэг. Бүсгүй доош унасныхаа дараа цэцэгт тал дээр хайртай залуутайгаа хэвтэж байгаа нь харагдана. 

Энэ дууг 1900 оны эхээр амьдарч байсан жүжигчин Пэг Энтвислийн дурсгалд зориулж хийжээ. Пэг Бродвэйн жүжиг, Холливудын кинонд олон дүр бүтээсэн жүжигчин юм. Тэрбээр хайртай залуу нь нас барснаас хойш удалгүй HOLLYWOOD бичгийн “H” үсгээс үсэрч амиа хорложээ. Түүнийг амиа алдсанаас хоёр өдрийн дараа Холливуд ууланд авирч явсан нэг эмэгтэй олсон түүхтэй. Цагдаа нар дуудлагын дагуу шалгахад цүнхэнд нь “Би айж байна. Би хулчгар. Намайг уучлаарай. Би үүнийг эртхэн хийсэн бол зовлон шаналал бага байх байж” гэсэн зурвас олдсон аж. 

Пэг Энтвислийн сүнс одоо ч хүртэл тэр хавиар харагддаг, тун үнэмшилтэй харагддагаас өнгөрч явсан хүмүүс цагдаад “H” үсгээс хүн үсрэх гэж байгаа тухай дуудлага их ирдэг гэнэ. Дуучин Лана хатагтай Пэгт зориулсан дууг эндээс сонсоно уу.