БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонг Конгийн Гаалийн байгууллага зуны 3 сарын хугацаанд буюу 6.1-8.31 хооронд 2786 контрабандын гэмт үйлдлийг илрүүлжээ.
Тодруулбал, Хонг Конгийн гаалийн байгууллага нисэх буудал, авто зам, усан зам болон төмөр замын боомтууд дахь хяналт шалгалтыг чангатгасан байна.
Тус хугацаанд нийт 17.5 сая юанийн үнийн дүн бүхий 2791 контробандын гэмт хэрэг илрүүлж 2786 гэмт этгээдийг баривчилжээ. Үүнээс 53 нь хар тамхи, мансууруулах бодистой холбоотой бөгөөд нийт 9.6 сая юанийн үнийн дүн бүхий 24 кг мансууруулах бодис хураан авчээ. Дээрх хураан авсан барааны дийлэнх нь мөс, марихуан, кокайн, метамфетамин зэрэг бодисууд байсан бөгөөд голдуу агаарын тээврээр нэвтрэхийг завджээ. Мөн тус хугацаанд татваргүй оруулахыг завдсан 910 мянган ширхэг янжуур, 126 литр архи, согтууруулах ундааны зүйлийг илрүүлж 2482 хүнийг баривчлав. Татвараас зайлсхийсэн дээрх бараа бүтээгдэхүүний төлбөл зохих татварын хэмжээ 1.9 сая юань болсон байна.
Мөн ховордсон амьтан, эд бараа зэргийг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан 117 хэрэг илрүүлсэн нь мөнгөн дүнгээр 3.5 сая юань болжээ.
Манай иргэд БНХАУ болон Хонг Конг-д гэмт хэрэг зөрчилд холбогдох тохиолдол жилээс жилд өссөөр байгаа бөгөөд зарим тохиолдолд хууль эрх зүйн мэдлэг дутмаг байдлын улмаас гэмт хэрэг, зөрчилд холбогдох тохиолдол цөөнгүй  гардаг аж.




Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг