Хонконг-Улаанбаатар чиглэлийн нисэх онгоцоор өчигдөр орой 20.00 цагт Улаанбаатарт ирсэн халуунтай хоёр хүнийг Чингис хаан нисэх буудлаас шууд ХӨСҮТ рүү авч явжээ.

Энэ талаар Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн "Буянт-Ухаа дахь хилийн мэргэжлийн хяналтаас мэдээ авсан даруйдаа Хонконгийн онгоц буухаас өмнө ХӨСҮТ, Зооноз өвчин судлалын үндэсний төвийн Тандалт судалгааны мэргэжлийн багууд нисэх буудалд ирсэн. Улмаар зорчигчдод асуумж, судалгаа явуулж, биеийн температурыг үзсэний дараа нисэх буудлын тусгаарлах өрөөнд оруулж үзлэг хийсэн.

Эхлээд Хонконгоос биеийн халуун нь өндөрссөн нэг иргэн суусан гэсэн мэдээллийг бидэнд өгсөн. Энд ирээд үзлэг хийхэд 2 хүн хэвийн хэмжээнээс илүү халуунтай байгааг илрүүлсэн. Үргэлжлүүлэн нарийвчилсан шинжилгээ хийхийн тулд ХӨСҮТ рүү аваад явлаа. Энэ хоёр хүн Тайваньд сурдаг монгол оюутнууд юм байна. 

Тус онгоцоор нийт 148 зорчигч ирсэн. Хилийн мэргэжлийн албаныхан журмын дагуу тэднээс асуумж, судалгаа авч, үзлэг шинжилгээ хийгээд нэр, хаяг зэрэг холбогдох мэдээллийг нь авч үлдсэн" хэмээлээ.