Х.Оргил
05 сарын 25, 2020
Хятадын Гадаад хэргийн сайд Ван И барууны орнууд болон бусад орны удирдагчдад хандан Хонконгийн хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байхыг хатуу анхаарууллаа. Хонконгийн өөртөө засах эрхийг хөндсөн шинэ аюулгүй байдлын тухай хуулийг Бээжин энэ өдрүүдэд хэлэлцэж байна.
Хонконгийн оршин суугчидийн одоо эдэлж байгаа эрх, эрх чөлөө, Хонконгт байгаа гадаадын хөрөнгө оруулагчдын ашиг сонирхол, эрхийг хөндөхгүй гэж тэрээр хэлсэн байна.
Коронавирус цар тахалаас болж хэдэн сар завсарлаад байсан эсэргүүцлийн жагсаалууд өнгөрсөн Ням гаригт дахин болж мянга мянган Хонконгчууд гудамжинд жагсаж, цагдаагийн хүчтэй мөргөлдсөн байна. 180 гаруй жагсагчдыг баривчилж, даралтат ус болон нулимс асгаруулагч хэрэглэсэн байна. Цагдаагийн 4 албан хаагч гэмтсэн байна.
Хятадын Ардын Их Хурлаар хэлэлцэгдэж байгаа уг хуулийн төслөөр бол "шаардлагатай тохиолдолд Ардын Төв Засгийн газрын холбогдох аюулгүй байдал хариуцсан байгууллага үндэсний аюулгүй байдлыг сахин хамгаалах үүргээ биелүүлэхийн тулд Хонконгт салбар байгуулж болно" гэж байгаа юм.
Энэ нь Хятад улс өөрийн хууль сахиулах байгууллагаа Хонконгийн хууль сахиулах байгуулагын хажууд зэрэгцүүлэн байгуулна гэсэн үг юм.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео уг төлөвлөгөөг хотын эрх чөлөөг боомилсон "үхлийн чимээ" гэж нэрлэсэн байна. АНУ-аас гадна Их Британи, Австрали, Канада тэргүүтэй орнууд өөрсдийн эсрэг байр сууриа илэрхийлээд байна.
Шинэ хууль энэ долоо хоногийн сүүлээр батлагдана
1997 онд Хятадын харьяанд эргэн нэгдсэнээс хойш мөрдөгдөж байгаа Хонконгийн өөрсдийнх нь Суурь хуулиар (Basic Law) бол Хонконг өөрийнхөө дотоод хэрэг, аюулгүй байдалд хариуцлага хүлээдэг юм.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.