Архангай аймгийн Цэнхэр сумын Тамир багийн “Цагаан хаалга” гэдэг газар хот хоорондын зорчигч тээврийн автобус, суудлын автомашинтай мөргөлдөж 2 хүн автомашины төмөр эд ангид хавчуулагдан нас барсан хэрэг гарлаа.

Энэ тухай дуудлагыг өчигдөр өдрийн 15:45 цагт хүлээн авсан байна. Дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 30 км зам туулан 16:15 цагт очсон аж.

“Дэлгэр буян-Ар” ХХК-ийн “Юниверс” загварын хот хоорондын зорчигч тээврийн автобус Архангай аймгийн Эрдэнэбулган сумаас Улаанбаатар хотын чиглэлд 45 зорчигчтой зорчиж явахдаа “Халуун рашаан”-ы чиглэлд 2 зорчигчтой зорчиж явсан “Пит” загварын суудлын автомашинтай мөргөлдсөн байна.

Ослын улмаас нийслэлийн Хан-Уул дүүргийн иргэн О /54 настай, эмэгтэй/, О/39 настай, эмэгтэй/ нар нас барсан тул цогцсыг гаргаж аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн талаар ОБЕГ-аас мэдээллээ.