Ойрын өдрүүдэд НИТХ хуралдаж 2020 оны төсвийн төслийг хэлэлцэж буй.

Тэгвэл энэ онд нийслэлийн төсөвт 1 их наяд 31,9 тэрбум төгрөгийн орлого төвлөрөхөөр батлагдсан ч гүйцэтгэлээр нийт 986 тэрбум төгрөгийн орлого төвлөрчээ. Өөрөөр хэлбэл төсвийн орлогын төлөвлөгөө нь 45 тэрбум төгрөгөөр тасрах урьдчилсан төлөвтэй байгаа нь дарга нарыг сандралд оруулсан бололтой.

Ийнхүү сох дутсан төсвийн орлогоо нөхөхийн тулд нийслэлийн удирдлагууд иргэдийнхээ халаасыг тэмтрэх "сонгодог" арга сүвэгчилжээ. Тэр дундаа авто зам ашигласны хураамжийн хэмжээг 5 дахин нэмэгдүүлж төсвөө бүрдүүлэхээр санаархаж байна. Үүнийг ч хотын дарга болоод орлогч дарга ч батлан хэлнэ лээ.


Нийслэлд бүртгэлтэй тээврийн хэрэгсэлтэй иргэд хөдөлгүүрийн багтаамжаасаа хамаарч авто зам ашигласны төлбөрт 10-60 мянган төгрөг төлж ирсэн. Хэрэв уг журам батлагдвал иргэд автомашины хөдөлгүүр, ангиллаас шалтгаалж хамгийн багадаа 100 мянга, дээд тал нь 350 төгрөг төлөх юм байна. Батлагдвал  2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөх аж.


Хотын удирдлагууд энэхүү хураамжаар авто замын засвар үйлчилгээг сайжруулаад зогсохгүй их хотын жишгээр автомашиныг хязгаарлах бодлого баримталж, ингэснээрээ агаарын бохирдлыг багасгах, нийтийн тээврийг хөгжүүлэх ач холбогдолтой хэмээн хачин сайхнаар тайлбарлаж буй. Бодит амьдралаас хол тасарсан эрхмүүдэд уг шийдвэр сонин биш байж мэднэ. Харин хотын замын татвараар иргэдээ боомилж буй энэхүү шийдвэр нийслэлчүүдэд хэрхэн тусахыг тооцоолж үзсэн болов уу. Жавар ид тачигнаж буй өвлийн улиралд хүүхэд хөгшидгүй нийтийн тээвэр хүлээж хэр их зогсохын зовлонг тэд мэдэх үү?

Нийтийн тээвэр нь хүрэлцээ муутай, бохир заваан, хүйтэн, тав тух муутай гэдгийг хүн бүхэн мэднэ. Дээрээс нь 11 сараас эхлэн нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа автобусны тоо эрс цөөрсөн. Тухайлбал “Баруун салаа- Зурагт-Халдварт” чиглэлд нийтдээ 17 автобус үйлчилгээнд гарах ёстой ч тал нь гарч байгаа, цөөхөн автобустай учраас хүмүүсээ авч чадахгүй үлдээх үе зөндөө гэдгийг жолооч нар хэлж байхтай таарсан. Ирэх онд 400-аад автобусыг нийтийн тээврийн үйлчилгээнээс халах ч сураг дуулдсан. Тэгэхээр нийслэлчүүдийн унаа улам ч хомсдох нь тодорхой. Тэгсэн атлаа олон улсын жишгээр татвар нэмнэ гэж тайлбарлаж суух юм.  Эхлээд олон улсын жишгээр нийтийн тээврээ хөгжүүлэхэд анхаарал тавьбал ямар вэ С.Амарсайхан дарга аа.

Гэтэл хажууханд байх Хөх хот ирэх намар гэхэд метротой болохоор ид ажиллаж байна. Хэдэн давхар зам тавьсан, автобусныхаа ихэнхийг цахилгаан мотортой болгож нийтийн тээврээс гарах утааг багасгасан гээд оновчтой шийдлүүд олж хэрэгжүүлсэн нь олзуурхмаар. Ойролцоо аймаг хошууд руугаа явах замаа дөтлөхийн тулд зам дагуух уул толгодоо нүхлэн тунелэн зам тавьжээ. Уул сэтлэх ч яамай. Улаанбаатарт бол автобус нь парк шинэчлэл хийгдээгүй, он хуучирсан учраас гарч буй утаа тортогт агуулагдах хорт бодис зөвшөөрөгдөх хэмжээнээс хэд дахин хэтэрсэн. ЖАЙКА ОУБ-аас өнгөрсөн жил бүтэн 10 сарын турш нийтийн тээврийн 24 автобусанд фильтр тавьж тортог цуглуулахад нийтдээ 560 кг хорт хог хаягдал цуглуулсан гэдгээ тайлагнаж байсан юм. Нийслэлийн иргэдийн  ихэнх нь баян чинээлэгтээ биш үр хүүхдээ даарч хөргөлгүй шиг сургууль, цэцэрлэгт нь хүргэхийн тулд, өмнө дурдсан тэр их утааг хүүхдийнхээ уушги руу цацахгүй байхын тулд л хэдэн цагийн их түгжрэлийг хүлцэн тэвчиж өнгөрүүлдэг билээ. 

Саяхан С.Амарсайхан дарга саяхан нийтийн тээврээр зорчиж ард иргэдийнхээ санаа бодлыг сонссон тухайгаа мэдээ болгон бичүүлсэн нь харагдана. Сонгууль болохоор л тойрог руугаа энхрий хайрт сонгогч нарыгаа зорьдог дарга нарын хажууд энгийн үед иргэдийнхээ дунд орж санаа бодлыг нь сонсоно гэдэг сайн жишиг гэдгийг дурдах нь зүйн хэрэг. Суусан автобус нь цэвэрхэн, хүн багатай ч юм. Гэхдээ амьдрал дээр даргын суусан шиг сэлүүхэн бас цэвэрхэн автобус өглөө оройд нүдний гэм байдаг юм шүү. Юутай хэрхэн эсэх нь энэ долоо хоногт шийдвэрлэгдэнэ. Хотын удирдлагууд иргэдийнхээ эсрэг хорлонтой шийдвэр гаргахгүй байх л гэж найдаж суухаас....