Монгол Улсад Хөрөнгийн зах зээл үүсч хөгжсөний 30 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх Ажлын хэсгээс Эдийн засгийн сэтгүүлч, шинжээчдийн клуб хамтран хөрөнгийн зах зээлийн хөгжлийг эрчимжүүлэх, санхүүгийн зах зээлийн талаарх ойлголтыг олон нийтэд түгээх, дэлхийн тэргүүлэх туршлагыг нутагшуулах, шинэ бүтээгдэхүүний арилжааг идэвхжүүлэх, хөрөнгө оруулалт татах боломж, гарцыг олон нийт, шийдвэр гаргагчдад таниулах, шинэ санаа дэвшүүлэх зорилгоор зохион байгуулсан “Хөгжилд хөтлөх хөрөнгийн зах зээл” сэдэвт нийтлэл, нэвтрүүлгийн уралдааны шилдэг бүтээлүүдийг өнөөдөр тодрууллаа.


30 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх Ажлын хэсэгт Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн бирж, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо орж ажилласан юм.

 “Хөгжилд хөтлөх хөрөнгийн зах зээл” сэдэвт нийтлэл, нэвтрүүлгийн уралдаанд нийт 30 гаруй бүтээл ирж, Телевиз, радио, видео контент, Сонин, сэтгүүл, вэбсайтын хоёр төрөлд өрсөлдөж, тус бүр гурван байр шалгаруулсан юм.
Телевиз, радио, видео контентийн төрөлд “Биржийн бус зах зээл” бүтээлээрээ тэргүүн байрт МҮОНТ-ийн “Монголын мэдээ” агентлагийн сэтгүүлч Ц.Санчирмаа, дэд байрт  “Банкуудын IPO хойшлох уу” бүтээлээрээ Eagle телевизийн сэтгүүлч М.Мөнхжаргал, гуравдугаар байрт  “Банкны IPO-Ногоон сум” хэлэлцүүлэг бүтээлээрээ МҮОНТ-ийн “Монголын мэдээ” агентлагийн сэтгүүлч Г.Ган-Эрдэнэ нар шалгарлаа.

Сонин, сэтгүүл, вэбсайтын төрөлд “Баялгийг шударга хуваарилах хувьчлал” бүтээлээрээ тэргүүн байрт “Mongolian economy” сэтгүүлийн сэтгүүлч Б.Шүрэнчимэг, дэд байрт “Гэр бүлийн засаглалаас хөрөнгийн зах зээлийн засаглал руу” бүтээлээрээ “Mining insight magazine” сэтгүүлийн сэтгүүлч Б.Баяртогтох, “Хөрөнгийн зах зээлийн гүүр: ХОС” бүтээлээрээ гуравдугаар байрт Lemonpress.mn сайтын сэтгүүлч Э.Золбаяр нар тус тус шалгарч, өргөмжлөл, мөнгөн шагнал, дурсгалын зүйл гардан авлаа. Шагналыг Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүн Т.Цэрэнбадрал, Монголын хөрөнгийн биржийн дэд захирал Т.Хаш-Эрдэнэ, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны ТУЗ-ийн дарга А.Батболд нар гардуулж өгсөн юм.
“Хөгжилд хөтлөх хөрөнгийн зах зээл” сэдэвт нийтлэл, нэвтрүүлгийн уралдааны шагнал гардуулах ёслолын үеэр Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайханы тушаалаар “Санхүү, банкны тэргүүний ажилтан тэмдэг”-ээр “Ийгл” телевизийн тоймч М.Мөнхжаргал,  “Өнөөдөр” сонины тоймч Т.Энхбат, Эдийн засгийн сэтгүүлч, шинжээчдийн клубын ерөнхий зохицуулагч Б.Баяртогтох нарыг тус тус шагнав.