Монгол Улсын Хөгжлийн банк, Дэлхийн банкны экспортыг дэмжих төслийг хэрэгжүүлэх нэгж хооронд хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичигт үзэглэх ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо.

Санамж бичгийн хүрээнд талууд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч, аж ахуйн нэгжүүдийг экспортын шинэ зах зээлд нэвтрэх, экспортын бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хөгжүүлэх түүнчлэн шинээр экспортлогч болоход дэмжлэг үзүүлэх чиглэлээр хамтран ажиллаж, экспортын зах зээлийг өргөжүүлэхэд хувь нэмэр оруулах зорилготой юм.

Арга хэмжээний үеэр Экспортыг дэмжих төслийн шинжээч Б.Хаш-Эрдэнэ "Хоёр байгууллагын хамтын ажиллагааны үр дүнд энэхүү төсөл Монгол Улсын эдийн засагт үр өгөөжөө өгч, нөлөөллөө олно гэж итгэж байна. Экспортлогч аж ахуй нэгжид санхүүгийн дэмжлэг, туслалцаа өгч энэ хэмжээгээр манай улсын эдийн засагт үр дүн гарах байх. Эхний төсөл амжилттай болвол хоёр дахь шатны ажил яригдахаар тусгасан байгаа" гэв.