Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцын хашаан доторх дэд станцад гарсан галын дуулианаар засгийн газар  өчигдөр хуралдлаа. Хурлаар өвлийн их ачаалал эхлэхээс өмнө трансформатор худалдан авч суурилуулахыг холбогдох газарт нь даалгасан байна. Энэ удаадаа трансформаторыг худалдаж аваад нэг асуудлыг шийдчихэж болох юм. Гэтэл улсын хэмжээнд энэ мэт өндөр насжилттай техник хэрэгсэлтэй дулааны станцуудад маань цаашид ямар асуудал гарахыг хэлэхэд хэцүү. Эхний байдлаар гэхэд өчигдрийн гарсан галын шалтгааныг станцын насжилт хэтэрснээс ачаалалаа даахгүй буудсан гэсэн таамаглалыг тус станцын ерөнхий инженер Б.Дашдаваа хэлж байв.

Гал гарсан Т3 маркийн цахилгаан өсгөн дамжуулах үүрэгтэй тус дэд станцад засвар хийхээр төлөвлөөд байсан ч гэнэтхэн л буудаж оч үсрэн гал авалцсан байна. Тухайн үед гал унтраах ангийнхан хурдан шуурхай ажиллаж галыг унтраасан бас инженер техникийн ажилтнууд эрчим хүчийг нь яаралтай салгасан учраас осол авааргүй өнгөрсөн гэдгийг Онцгой байдлын газраас онцолж байсан юм. Хэрэв эрчим хүчийг салгаагүй байсан бол генаратор  турбинд гал орж урдаа барьдаг томоохон цахилгаан станцад маань тоон дүн нь том хохирол амсах байжээ.  Улсын онцгой  чухал обьект гэгддэг Дулааны дөрөвдүгээр станц байгуулагдаад 34 жилийн нүүрийг үзэж байгаа аж. Түүнээс хойш энэ станцад нэгдсэн томоохон засвар цөөхөн хийгджээ. Одоо ашиглаж байгаа техникийн 42-67 хувь нь гучаас дээш жилийн настай гэдгийг станцын инженерүүд нь хэлж байна.

Тус станц нийслэлийн төвийн бүсийн цахилгааны 65, дулааны 70 хувийг дангаараа ханган ажилладаг. 

Нийслэлийн агаарын бохирдолтой холбоотойгоор шөнийн тарифыг тэглэх зэргээр утаанаас салах оролдлогыг энэ Засгийн газар хэрэгжүүлж байгаа.  Гэтэл Монгол Улсын цахилгаан эрчим хүчний хэрэглээ сүүлийн жилүүдэд дунджаар 6-8 хувиар өсч,  хүчин чадлын дутагдалд орох төлөвтэй гэдгийг тус салбарынхан онцолжээ. Хэдэн жилийн өмнө Улиастайн дэд станцад гал гарснаас болж Улаанбаатарын нэг хэсэг харанхуй болж байсан түүхтэй. Энэ удаагийнх үүн шиг цахилгаан эрчим хүчний түгээлтэнд нөлөөлөөгүй ч цаашид эрчим хүчний салбарт том дохио болсныг холбогдох мэргэжилтнүүд анхааралдаа авах биз ээ.