Хүний эрхтний хууль бус наймааны жилийн эргэлт 600 сая ам.долларт хүрсэн тухай НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэргийн асуудал эрхэлсэн газар мэдээлжээ. Тус байгууллага ийм мэдээллийг Гватемал улсад зохион байгуулж буй эрхтэн, хүн худалдаалах асуудлаарх бүс нутгийн анхны их хурлын үеэр өгсөн тухай “Prensa Latina” сонинд мэдээлэв.

Уг арга хэмжээний зорилго нь мэдээлэл, туршлага солилцох, хүний эрхтний наймаатай хэрхэн тэмцэх арга замыг тодорхойлох юм. Их хуралд Гватемал улсаас гадна Гондурас, Сальвадор, Мексик, Коста-Рика улсын төлөөлөгчид оролцож байна.

“Prensa Latina” сонины мэдээлэлд онцлон тэмдэглэж буйгаар, Гватемал улс нь газар зүйн байрлал, эдийн засгийн байдлаараа хүн худалдаалдаг гэмт бүлэглэлийн сүлжээнүүдийн хувьд хамгийн тохиромжтой газар аж.

Гватемалын эрх баригчид өнгөрсөн онд мөлжлөг боолчлолтой холбоотой 159, хүний наймаатай холбоотой 274 гомдол, бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийн талаарх 10 811 мэдээлэл хүлээж авсан гэж тус улсын бэлгийн хүчирхийлэл, мөлжлөг, хүн худалдаалах гэмт хэрэгтэй холбоотой асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга нарын газар мэдээлжээ.

Гуравдугаар сарын 5-нд эхэлсэн их хурал хоёр хоног үргэлжилнэ.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, RIA Novosti