Улсын онцгой комиссын шийдвэрээр Агаарын тээврийн Хүннү Эйр компанийн тусгай үүргийн онгоц өнөөдөр Казакстан улс руу тусгай нислэг үйлдэж, 95 иргэнээ авчирна.

Тодруулбал, Улаанбаатарын цагаар өнөөдрийн 13:00 цагт Улаанбааатар-Алматы чиглэлд хөөрөх бөгөөд буцах нислэг өнөөдрийн 23:00 цагт Улаанбаатарт буух хуваарьтай байна. 

Тус нислэгээр ирэх иргэдийн олонх нь тусгаарлалтын дараа Баян-Өлгий аймаг руу явна гэсэн мэдээлэлтэй байгаа аж. Тиймээс Хүннү Эйр компани дээрх нислэгээр ирсэн иргэдэд Баян-Өлгий аймаг руу зорчиход нь нислэгийн тийзний үнэд 20 хувийн хөнгөлөлт үзүүлэх болно гэдгээ өнөөдөр мэдэгдлээ.

Мөн Улсын онцгой комиссын шийдвэрээр маргааш буюу есдүгээр сарын 29-нд тусгай үүргийн нэмэлт нэг нислэгээр Монгол Улсад байнгын оршин суух зөвшөөрөлтэй гадаадын 200 орчим иргэнийг монголд авчирна. Эдгээр иргэн нь манай улсад байнга оршиг суудаг, Монгол Улсад ажил, амьдрал, бизнес, хөрөнгө оруулалт нь байдаг иргэд аж. 

Тэднийг ирсэн даруйд нь Ramada болон Novotel зочин буудалд тусгай үнээр тусгаарлах бөгөөд энэ нь Монгол иргэдийг тусгаарлах байрны хүрэлцээнд ямар нэгэн байдлаар нөлөөлөхгүй гэдгийг холбогдох албаныхан мэдэгдээд буй.