Коронавирусийн халдвар болон дархлаажуулалтын талаар ЭМЯ, ХӨСҮТ-өөс өнөөдөр мэдээлэл өглөө. Сүүлийн 24 цагт нийт 48 хүнээс коронавирус илэрч, манай улсад бүртгэгдсэн нийт тохиолдол 3000 болжээ. Тэдний 77.6 хувь буюу 2330 нь эдгэрсэн байна. Шинэ тохиолдлууд бүгд Улаанбаатарт бүртгэгджээ.

Коронавирусийн эсрэг АстраЗенека вакциныг энэ сарын 23-наас эхлэн эрүүл мэндийн байгууллагын ажилчдад хийж эхэлсэн. Эхний ээлжид нийт 16 байгууллагын 17092 ажилтныг хамруулахаар төлөвлөсөн.

Энэ талаар ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма "Нийслэл дэх 22 цэгт нийт 9531 хүнд коронавирусийн эсрэг вакцин хийгээд байна. Үүнд эрүүл мэндийн байгууллагын ажилтан, коронавирусийн эсрэг хариу арга хэмжээнд оролцож буй хүмүүс хамрагдсан.

Вакцин хийлгэсэн нийт хүний 50-60 хувьд хариу урвалууд илэрнэ гэж вакцины зааварт тусгасан байна. Манай иргэдийн 40 орчим хувьд вакцины дараах хариу урвалууд илэрч байна. 

Тодруулбал,

  • Халуурах
  • Толгой өвдөх
  • Жихүүдэс хүрэх
  • Тарьсан хэсэгт хөндүүрлэх шинж тэмдгүүд илэрч байна. 

Эдгээр нь 2-3 хоногт арилна. Одоогоор вакцины дараах ноцтой хүндрэл, урвал бүртгэгдээгүй бөгөөд дархлаажуулах үйл ажиллагаа хэвийн явагдаж байна" хэмээлээ.