Хөтөл хот үйлдвэрийн утаагүй болно

Peak.mn
08 сарын 18, 2022

Хөтөл хотын "Эдийн засгийн форум" энэ 7 хоногийн томоохон үйл явдлын нэг байлаа. Анх удаагаа болсон энэхүү бодлогын чуулганыг "Цемент шохой" ТӨХК болон Сэлэнгэ аймгийн Сайхан сумын ЗДТГ хамтран зохион байгуулсан юм. 

Аж үйлдвэрийн цогцолбор түшиглэсэн суурингуудын нэг нь Хөтөл хот. УИХ-ын 1994 оны 58 дугаар тогтоолоор хотын статустай болж, Эрдэнэт, Дархан хотын эгнээнд шилжсэн. Хүн амын хувьд одоо 11 мянга давжээ. Аж үйлдвэр, газар тариалан, мал аж ахуй Сайхан сумын эдийн засгийн үндсэн гол хөдөлгөгч хүч нь. Эдгээрээс хамгийн том ажил олгогч нь "Цемент Шохой" ТӨХК. Тус сумын 800 гаруй иргэний ажил, амьдрал тус үйлдвэртэй холбогджээ. Үйлдвэр дагасан ахуй амьжиргаа, нийгмийн асуудал энд яригдаж байна. 


Дээр дурдсан ажилчдын ар тал, гэр бүл, өрхийн орлогын эх үүсвэр нь "Цемент Шохой" болж ирсэн гэсэн үг. 39 жилийн турш ийм байсан хэрэг. Ирэх өдрүүдийг ч "Цемент шохой"-н үйлдвэргүйгээр төсөөлөх боломж энд алга. Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг дарга бөгөөд Хөтөл хотын захирагч Б.Мөнхболд "Эдийн засгийн чуулган"-аар дамжуулан бизнес эрхлэх боломжийг танилцуулж, хэлэлцүүлсэн юм. 

Сайхан сум, Хөтөл хотын дүр төрхийг ирээдүйд тодорхойлох хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд нийт 320 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай гэсэн тооцоо гарчээ. Үүнээс эхний ээлжинд 156 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардагдаж байгааг Засаг дарга нь хэлж байна лээ. 

Бизнес эрхлэх боломжтой, өрсөлдөх чадвар өндөр байх салбар болгоны чиглэлээ тус хот тодотгож, түншлэх, хамтрах, орон нутгийн зүгээс хувийн хэвшил, дотоод, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв. Тухайлбал, Барилгын материалын жижиг, дунд үйлдвэр, эрчимжсэн мал аж ахуй, жимс жимсгэнэ, малын тэжээлийн үйлдвэр, засвар үйлчилгээ гээд эдгээрт бизнесийн өргөн орон зай байгааг онцолсон юм. 

Дархан, Эрдэнэт, Улаанбаатар хоттой хамгийн ойрхон зайд оршдог, эдгээрийн дунд нь төвлөрсөн. Төмөр зам, авто замын сүлжээнд холбогдсон, дэд бүтцийн хориг саад, хүндрэл үндсэндээ байхгүй гэж хэлж болохоор ашигтай байршилд Хөтөл хот бий. 

Дархан хотын Хөтөл хороо нэртэйгээр 1984 онд байгуулагдсан, үүнээс 10 жилийн дараа Сэлэнгэ аймгийн харьяа болсон гээд Засаг захиргааны хувьд ихээхэн адармаантай замнал туулжээ. Одоо ч тэр зовлон нь сум хоорондын давхцсан хилээр илэрч, орон нутаг хөгжих замд хүнд суртлын тээг, ажил урагшлахад саад болж явна.

Барилгын материалын үндсэн болон дагалдах түүхий эдийн нөөц, агуулгатай. Үйлдвэрлэлийн өртөг зардал тэр хэрээр хямд байх, дээр дурдсан хотуудад тасралтгүй нийлүүлэх төмөр зам болон авто замын гарцтай учраас хөрөнгө оруулалт бага шаардах, өртгийг бууруулах боломжтой, кластерийн сүлжээг хөгжүүлэх нөхцөл бүрдсэн давуу тал нь Хөтөл хот хөгжих, томрох, тэлэх үүд хаалга нь болж байна. 

Төрөөс аж үйлдвэрийн салбарт баримтлах бодлогын баримт бичигт үйлдвэрлэлийг кластераар хөгжүүлэх, үүний дотортээвэр, логистикийн нэгдсэн сүлжээг бүрдүүлэх тухай тусгасан байдаг. Энэ дагуу барилгын материалын үйлдвэрийг кластераар хөгжүүлэх, төвийн болон хангайн бүсийн эрэлт, хэрэгцээг хангах боломжтойг Барилга, хот байгуулалтын яамны Барилгын материалийн үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Д.Батзориг форумын үеэр хэлсэн юм. 

Чуулганыг санаачлан зохион байгуулсан “Цемент шохой” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Л.Наранбаатар Хөтөл хот Монгол Улсын дөрөв дэх хот болж, дунд хугацаанд Эрдэнэт, Дархан хотын түвшинд хүрэх өгөгдөл, боломжтойг онцлоод, “Цемент шохой” ТӨХК нийгмийн хариуцлага, орон нутаг-үйлдвэр хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Хөтөл хотын хөгжилд бодитой хувь нэмэр оруулна гэдгээ илэрхийлсэн юм. Үйлдвэр Хөтөл хотыг дулаанаар өнгөрсөн хугацаанд тасралтгүй хангаж иржээ. Хөтөлд Цемент шохойн үйлдвэрээс гадна Улаанбаатар төмөр замын харьяа Төмөр бетон дэрний үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна. Жилд 180 мянган ширхэг төмөр бетон дээр үйлдвэрлэх хүчин чадалтай тус үйлдвэр 1997 онд ашиглалтад орж байсан бол Цемент шохойн үйлдвэрийн нэгдүгээр зуух 1984 онд анхны бүтээгдэхүүнээ Эрдэнэт үйлдвэрт нийлүүлж байжээ.

"Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төв”-ийн гүйцэтгэх захирал Б.Дөлгөөн Засгийн газрын дунд хугацааны хөгжлийн хөтөлбөр "Шинэ сэргэлт"-ийн бодлогод тусгагдсан аж үйлдвэр, эрчим хүч, дэд бүтцийн төслүүд хэрэгжих тусам цементийн эрэлт хэрэглээ нэмэгдэж, дотоодын үйлдвэрүүд бүрэн хүчин чадлаараа ажиллах, хүчин чадлаа цаашид өсгөх шаардлага үүснэ. Энэ байдал Хөтөл хотын тогтвортой хөгжилд нааштайгаар нөлөөлнө гэдгийг онцолсон юм.Форумд төр, хувийн хэвшил, орон нутаг, иргэний нийгмийн байгууллагын оролцоо өндөр байлаа. 

Хэлэлцүүлгийн сэдэв, илтгэл "Эдийн засгийн форум"-ын ач холбогдлыг улам өргөж өгөв. Учир нь, мөрөөдлийн жагсаалт бус илүү тулгамдсан асуудлаа нээлттэй ярилцаж, бодит боломжоо хуваалцсан хэрэг."Аж үйлдвэржилтийн сэргэлт ба Хөтөл хотын хөгжлийн боломжууд" сэдэвт эхний хэлэлцүүлгийг чиглүүлсэн эдийн засагч Д.Жаргалсайхан Форумын үеэр яригдсан асуудлыг үр дүнд хүргэх, бодит ажил болгох бүрэн боломж байгааг  тэмдэглэсэн. Үүний тулд сайн засаглал, зөв менежмент, нээлттэй, ил тод байдал чухал болохыг нэмж хэлсэн юм.

Чуулганд оролцсон үйлдвэр болон орон нутгийн иргэдийн хамгийн их анхаарлыг татсан хэлэлцүүлэг "Хот, хөдөөгийн сэргэлт ба Барилгажилт, ипотекийн зээл" байсан юм. Энэхүү хэлэлцүүлэгт Хөтөл хотод үйл ажиллагаа явуулж буй арилжааны банкны салбарын захирлууд болон Сайхан сумын Засаг дарга, "Цемент шохой" ТӨХК-ийн удирдлага оролцож, ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд ямар гарц, боломж байгааг хөндсөн. 

"Цемент шохой" ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Л.Наранбаатар "Төрд шилжсэн цагаас хойш буюу сүүлийн 4 сарын хугацаанд хоёр удаа ажилчдын цалингаа нэмж, нийт 40 хувиар өсгөлөө. Цалин ийнхүү нэмэгдсэнтэй холбоотойгоор ажилчид банкны зээлд хамрагдах боломж тэр хэрээр нэмэгдсэн. Тэр тусмаа орон сууцны зээл авахад өмнө гардаг байсан хүндрэл арилж байна. Дундаж цалин хоёр сая давсан. Ипотекийн зээлд хамрагдах, урьдчилгаа 30 хувиа бүрдүүлэхэд нь компанийн зүгээс дэмжлэг үзүүлэх боломжийг судалж байна" гэв. Хөтөл хотын ард иргэдийн хувьд дараагийн тулгамдсан асуудал нь агаарын бохирдол. Үйлдвэрээс хамааралтай уг бэрхшээлийг шийдвэрлэх, иргэдийн ажиллаж, амьдрах аюулгүй орчныг бүрдүүлэхэд "Цемент шохой" ТӨХК анхаарч эхэлсэн байна. 

Тодруулбал, Шохойн үйлдвэрийн тоног төхөөрөмж элэгдэж, хуучирсан, насжилт нь хэтэрсэн, технологийн хувьд хоцрогдсон энэхүү байдал Сайхан сумын агаарын бохирдлын гол эх үүсвэр аж. Тиймээс шохойн үйлдвэрийн зуухыг шинэчлэх, байгаль орчинд ээлттэй технологийн эрэлд "Цемент шохой" ТӨХК гарсан байна. 

Зуухны шинэчлэлийг эхлүүлэхээр холбогдох судалгааны ажилд орж, шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэхээр болжээ. "Эдийн засгийн чуулган"-ны үеэр дээрх ажлыг хурдасгах үүднээс "Цемент шохой" ТӨХК МҮХАҮТ-ын дэргэдэх Монгол Хятадын худалдаа аж үйлдвэрийн зөвлөлтэй “Шохойн үйлдвэрийн шинэчлэл, агаарын бохирдол бууруулах, техник технологийн шинэчлэлийн хөрөнгө оруулалт дээр дэмжиж, хамтран ажиллах” санамж бичгийг байгуулсан юм. 

Хөтөл хот дэд бүтцийн давуу талаа ашиглаж, аж үйлдвэрийн кластерийг хөгжүүлэх, "Цемент шохой" үйлдвэрийн хувьд нээлттэй хувьцаат компани болж, олон нийтийн засаглалын хэлбэрт шилжих, ойрын хугацаанд тоног төхөөрөмжийн шинэчлэлийг эрчимжүүлэх, тулгамдсан асуудлуудаа цаг хугацаа алдахгүй шийдвэрлэхэд бүх анхаарлаа хандуулж байгаагаа уламжилсан юм.

Холбоотой сэдвүүд

сэлэнгэ хөтөл хот эдийн засаг

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.