Танин мэдэхүйн номоос хүүхэд үнэн мэдлэгийг олж байдаг

Б.Болормаа
03 сарын 03, 2021

"Монсудар" хэвлэлийн газрын хүүхдийн номын “Жангар” редакцаас “Том асуулт” хүүхдийн зурагт номын үзэсгэлэнг дэлгээд байна. Үзэсгэлэн энэ сарын 1-21-нийг хүртэлх хугацаанд үргэлжлэх бөгөөд энэ үеэр хүүхэд болон хүүхдэд зориулсан номын талаарх яриа хэлэлцүүлэг өрнүүлж, ном бүтээх сонирхолтой хүмүүст зориулсан уулзалт зохион байгуулахаар төлөвлөжээ. 

Уг үзэсгэлэнгийн хүрээнд "Монсудар" хэвлэлийн газрын захирал Р.Энхбат,  “Жангар” редакцийн зураач Б.Төрмөнх нар “Хүүхдэд ном ямар ашигтай юм бэ?” асуултын дагуу ярилцлаа. 


Р.Энхбат: Эцэг, эхчүүд хүүхдийн номыг үлгэр, домгоор голчлон хардаг

Томчуудад зурагт номын тухай ойлголт их явцуу байна. Өнгө будаг сайтай, гоё хавтастай, хүүхдээ саатуулах зорилгоор ном авч өгдөг хандлага их бий. Энэ нь буруу юм. Хүүхэд номноос мэдлэг авч, хорвоог таних аялал нь эхэлж байдаг. Гэтэл эцэг эхчүүд хүүхдээ өөрийнхөө хүслээр байлгахыг хүсдэг. Харин хүүхдийн хүсэл сонирхол огт өөр байдаг. Үүнээс үүдэн эцэг эхчүүд ба хүүхдийн хоорондох зөрчил эхэлдэг.

Эцэг, эхчүүд хүүхдийн ном гэхээр л үлгэр, домог гэж боддог. Монголчууд үлгэр домгийг үүх түүх, ёс заншил гэж ойлгоод хүүхдэдээ сонгож өгөөд байдаг. Шинжлэх ухаан, техник технологийн өндөр хөгжилд хүрээд буй өнөө үед дан ганц үлгэр, домгоор хүүхдийнхээ үзэж харах, мэдэх хүрээг битгий бүрдүүлээрэй. Бүх зүйлийг танин мэдэх хүсэлтэй байдаг хүүхэд насанд танин мэдэхүйн мэдлэг олгох ном түлхүү хэрэгтэй. Гадны оронд бага сургуулийн хүүхдүүдийн уншиж буй номны 70 хувь нь танин мэдэхүйн ном байдаг. 



Хүүхдийн сонирхолд нийцэхгүй ном авч өгөөд байвал хүүхэд номонд дургүй болно

Томчууд хүүхдийн номыг амьд дүрслэлээс илүү бэлгэдлийн дүрсийг харж сонголт хийдэг. Өөрөөр хэлбэл тэд хэлбэрт их дуртай. Түүний дагуу хүүхдүүддээ ч бас тийм хэлбэрийг тулгах гээд байдаг. Гэтэл хүүхдийн ном амьд, бодит дүр дүрслэл буюу хүүхдийн хэзээ нэгэн цагт харж байсан, хаа нэг анзаарч байсан дүрстэй холбогдож байвал тэр нь хүүхдэд илүү сонирхол төрүүлдэг. Хүүхдийн сонирхолд нийцэхгүй ном авч өгөөд байвал хүүхэд номонд дургүй болох сөрөг талтай. 

Хүүхдийн ном нь насны онцлог, өөрийнх нь сонирхолд таарсан байх хэрэгтэй. Мөн зураг, текстийн хувьд эвтэйхэн хүүхдэд хамгийн ойрхон, өөрийнх нь эргэн тойронд өөрийнх нь тухай яриад байгаа юм шиг мэдрэмж өгдөг номыг сайн ном гэж үзнэ.  

Бусад улс орнуудын хамгийн их уншдаг, дуртай байдаг номнуудыг сорчилж Монгол хүүхдүүддээ хүргэхийг хичээдэг. Гэтэл тийм номнуудыг тоож авдаггүй нь харамсалтай байдаг. 


Б.Төрмөнх: Хүүхдүүд сонин хачин этгээд дүрслэл, төсөөллийн зураглалд илүү дуртай байдаг.

Хүүхэд агуулгыг зургаар хүлээж авдаг. Бага ангийн сургалтын хөтөлбөр, СӨБ-ын зургийн хичээлүүд хүүхдийг хязгаарласан, хүүхдийн бодол санааг дэмжээгүй хөтөлбөрүүд байдаг. Хүүхдэд сургууль, цэцэрлэг дээр нь хар хүрээтэй зургийг дүүргэж буддаг даалгавар их өгдөг. Энэ нь хүүхдэд хөгжих боломж өгдөггүй. 

Зургийг авьяастай нь холбохоос илүүтэй мэдрэмж, мэдлэгтэй нь холбоод юу ойлгосонг нь хардаг бүтээлч сэтгэлгээгээр хандах нь чухал. Түүнээс гоё зурсанаар хүүхэд тухайн зүйлийг ойлгочихлоо гэж дүгнэх нь буруу юм. Хүүхдүүд заавал уран зураглалд бус, сонин хачин этгээд дүрслэл, төсөөллийн зураглалд илүү дуртай байдаг. Тэндээс хүүхэд бүгдийг ургуулан, төсөөлөн бодож чаддаг.

Хүүхдийн хүмүүжил, боловсрол гэдэг ойлголтыг зөвхөн цэцэрлэг сургуульд суралцан олж авах мэдлэг төдийгөөр дүгнэх нь эндүүрэл. Хүүхдийг хүмүүжүүлэх, хүүхдээ ойлгох гэдэг маань эцэг эхчүүдийн зүгээс асар их хүчин чармайлт гаргах ажил.  

Хүмүүс хүүхдээ жаахан анхаараад хүүхдээ юуг сонирхож байна түүнийг нь дэмжих журмаар ажиллах нь хамгийн зүйтэй алхам юм. 


Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.